Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 27 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр 16 цаг 21 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдааны ирцийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Э.Батшугар, Б.Баярбаатар, О.Номинчимэг, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Б.Тулга, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр 51.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, нэг асуудал хэлэлцэхээр товлов.
Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д “… хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох …” гэсэн зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.
Дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинэчлэл хийгдэлгүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Хуулийг хэрэглэх хэрэгжүүлэх явцад практикт тодорхой хүндрэл, зөрчил илэрч, төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага, стандарт, зарчимтай нийцэхгүй болсон талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд удаа дараа дурдсан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.
Үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Эдгээр үндэслэлийг харгалзан Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал, стандарт, суурь зарчмын дагуу шинэчлэн боловсруулж зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.
Тодруулбал, хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг цогцоор нь зохицуулахаар тусгажээ.
Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан болохыг Б.Энхбаяр сайд танилцуулав.
нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.
Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд тодорхой болгохоор холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгожээ.
Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой болон ердийн ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг онцлогтой тул уг процессын зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж энэ хуульд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.
Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн төслийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хэмээн гэж өөрчилсөн байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулав.
Хуулийн төслийг дагалдуулан хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан 33 хуулийн төсөл, хууль хүчингүй болсонд тооцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 40 хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Н.Алтанхуяг, П.Сайнзориг, С.Цэнгүүн, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Дам.Цогтбаатар нар хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн эсэх байр сууриа илэрхийлэв.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 12 нь буюу 63.2 хувийн саналаар дэмжсэн. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English