Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) хуралдаж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол үргэлжлүүлэн үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсож, хэлэлцэв. Хуралдаан даргалагч Н.Наранбаатар хэлэлцэж буй асуудлын тов болон хуулийн үндэслэлийг уншиж танилцуулсаны дараа Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тайлан, дүгнэлтийг илтгэсэн юм. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан аудитын сэдвийн дагуу аудитыг гүйцэтгэсэн. Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт рүү шилжих үйл явц нь улс орны санхүүгийн хариуцлага, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чухал шинэчлэл боловч энэ нь зөвхөн техник аргачлал бус, хувь хүний хандлага, институтийн чадавх, засаглалын соёлын өөрчлөлт, удирдлагын манлайлал шаардсан цогц үйл явц гэдгийг онцолсон юм.
Ерөнхий аудитор тайланг, дүгнэлтдээ, Монгол Улсын төрөөс төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, үр дүнд чиглүүлэх арга хэмжээг 30 жилийн өмнөөс эхлэн хэрэгжүүлэхээр бодлого, шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаа боловч шийдвэрийн хэрэгжилт хангагдаагүй, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжих боломж бүрэн бүрдээгүй нь хөгжлийн хурдыг удаашруулж буйг Улсын Их Хурал анхааралдаа авах зайлшгүй шаардлагатайг уламжилж байна гэв.
Аудитын дүгнэлтээр нэгд, төсвийн төлөвлөлт нь бодлогын зорилго, хөтөлбөрийн үр дүнтэй уялдаагүй, зардлын зориулалт, хуваарилалт богино хугацааны хэрэгцээ, уламжлалт арга барилд суурилсан хэвээр байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг 4 түвшинд боловсруулахаар зааснаас өөрөөр үр дүнд суурилж төсөвлөх, гүйцэтгэлийн, хяналт-шинжилгээ үнэлгээний болоод удирдлагын мэдээлэл, шийдвэр дэмжих систем зэрэг бусад тогтолцоо бүрэн бүрдээгүй;
Хоёрт, хөтөлбөрийн өртгийг тооцох зардлын норм, нормативт хэмжээг тооцоолж, баталгаажуулаагүй нь бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг төлөвлөх боломжгүй болгож, хэрэгжилт удаашрах, өртөг нэмэгдэх шалтгаан болж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох ёстой ч олонх нь нөхцөл байдлын шинжилгээ, судалгаанд суурилаагүй, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж чадаагүй, шалгуур үзүүлэлтийг хангасан жишиг хөтөлбөргүй байна;
Гуравт, Засгийн газрын бүтцийг хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцүүлэн зохион байгуулаагүй, төрийн эрх мэдлийг өргөжүүлэх үүднээс бүх асуудлыг шийдэх гэж хичээн, эхэлснээ дуусгалгүйгээр нэгэн зэрэг олон төсөл санхүүжүүлэхээр төлөвлөж, төсвийг үр ашиггүй байдлаар төлөвлөсөн хэвээр байна;
Дөрөвт, хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлтөд оролцогч бүх талуудыг нэгтгэн, мэдээллээр хангах, удирдах цогц мэдээллийн систем үүсээгүй нь үр нөлөөтэй хяналтын болон хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх боломжийг бууруулж, үнэлгээ нь зөвхөн бодлогын баримт бичигт оноо өгөх төдийхнөөр хязгаарлагдаж байна.
Аудитаар үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжих үйл явц богино хугацаанд хэрэгжих боломжгүй байгааг харгалзан үе шаттай шилжих, бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс эхний ээлжинд Улсын Их Хуралд гурван асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 3, Эдийн засаг, хөгжлийн сайдад 2, Сангийн сайдад 2, Үндэсний Статистикийн хороонд 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн тайлагнав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Үр дүнд суурилсан төсөвлөлтийг олон жилийн турш ярьж байгаа хэдий ч аудитын дүгнэлтээр төлөвлөлт хэрхэн хийх талаар нарийн судалгааг оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байсан боловч урьдын адил товч дүгнэлт, ажил хэрэгч бус тайланг ирүүллээ хэмээн Улсын Хурлын гишүүд шүүмжилсэн юм. Үндэсний аудитын газрын төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, төлөвлөлт, төсөвлөлт тусдаа явж ирсэн гэв.
Үүний дараа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталж, улмаар 2022 онд 1 удаа, 2023 онд 2 удаа, 2024 онд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 72 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 203, 204 дүгээр тогтоолоор бүх шатны төсөв захирагч нарт чиглэл өгч, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн аудитад 1784 байгууллагыг түүвэрлэн хамруулан, нийт 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илрүүлж, 5.5 тэрбум төгрөгийн 91 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 32.9 тэрбум төгрөгийн 97 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 52.6 тэрбум төгрөгийн 228 зөрчилд зөвлөмж өгч ажилласан. Энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг биелүүлж, улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд:
1. Төсвийг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажилласнаар эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжрахын зэрэгцээ арвилан хэмнэх, нөөцийг үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэхээр байна.
2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл, заалт Төсвийн тухай хуулийн зарим зохицуулалттай давхардаж байгааг Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох шаардлагатай.
3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас баталж, мөрдүүлэх хэм хэмжээний акт батлагдаагүйгээс хуулийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй байдлыг үүсгэж байна.
4. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн мөрдөхгүй байгаа нь төсвийн сахилга баттай, үр ашигтай, ил тод, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж, нийтийн хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцөлийг үүсгэж байна.
5. Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйгээс төрийн байгууллагын санхүүгийн нөөцийн үр өгөөжийг бууруулж байна.
6. Засгийн газар болон ТӨБЗГ нь зарим төрийн өмчит хуулийн этгээдэд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай ижил чиг үүрэг бүхий хяналтын менежер, бүтээмж хариуцсан менежер, засаглалын менежерийн орон тоог шинээр бий болгох чиглэл өгч, шийдвэр гаргасан нь уг хуулийн үзэл баримтлал, үндсэн зорилготой нийцэхгүй байна.
7. Зарим аймгийн Засаг дарга нар ЗДТГ-ын бүтэц, орон тоог батлахдаа Засгийн газраас тогтоосон хязгаарт төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог хамааруулахгүй байгаа нь төрийн албан хаагчийн тоо нэмэгдэх шалтгаан болсон гэж дүгнэсэн.
Уг дүгнэлтэд үндэслэн нийт 12 зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд буюу Монгол Улсын Ерөнхий сайдад 6, Сангийн сайдад 3, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад 1, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 11 хуулийн этгээдийн дарга, захирлуудад тус бүр 2 зөвлөмж хүргүүлсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор тайлан, дүгнэлтээ танилцуулсан юм.
Тайланг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, үг хэлэхдээ, орон нутагт төрийн хэмнэлтийн асуудал ихээхэн хүндрэл үүсгэж буйг дурдав. Тэрбээр үйлчилгээ хүртэх ёстой иргэд чанартай үйлчилгээ авч чадахгүй байдалд хүрсэнийг олон талаас харж, дуугарах ёстой. Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлтийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, эхэлсэн нь үр дүнтэй байгаа эсэх, чиг үүрэгтэй эмнэлгүүд санхүүлжилтгүйн улмаас хүнд байдалд орсон уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэх учиртай. Энэ чиглэлд Үндэсний аудитын газар санал, дүгнэлтээ гаргаж байх шаардлага бий гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, төсвийн хэмнэлтийг чухалчлах ёстой. Аудитын байгууллага ажлаа хийхгүй байгаа учраас энэ хуулийг баталсан мэт ойлгогддог. Аудитаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зогсоох хэрэгцээ, шаардлага үүссэн талаарх дүгнэлт оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Алсын хараатай бодлого, төлөвлөлт гаргах шаардлагатай. Одоо төрийн хэмнэлтийг зогсоовол боломжтой юу хэмээн асууж, тодрууллаа. Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав асуултад хариулахдаа, энэ чиглэлээр шуурхай ажиллаж, танилцуулах болно. Үнэндээ хариуцлагын тогтолцоог ажиллуулах нь нэн чухал шаардлага байгаа. Цар тахлын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан баталсан хууль учраас төрийн байгууллагуудад зарим талаар хүндрэл үүсэж, төвөгтэй зүйл нэлээд тулгардаг. Гэхдээ хууль санаачлах эрх нь Улсын Их Хурлын гишүүд та бүхэнд байгаа тул цаашид энэ хуулийг хэрхэх талаар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн юм.
Хуулийг баталсан мөртлөө дүрэм, журмыг боловсруулаагүйгээс хэрэгждэггүй тохиолдол цөөнгүй байгааг гишүүн Б.Заяабал тодруулахад, Үндэсний аудитын газрын аудитын менежер Н.Анхбаяр, уг хууль батлагдсанаас хойш Засгийн газрын хүрээнд батлах дүрэм, журам батлагдаагүй хэвээр байгаа ч санхүүгийн сахилга бат сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байгаа хэмээн хариуллаа.
Аудитын тайланг хэлэлцсэнээр энэ өдөр хэлэлцэхээр товлосон асуудал гүйцсэн тул Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English