Цэс

Холбоо барих

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр (2025.12.24) зохион байгуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг сонсголыг даргалсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 21 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэллээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцно” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, Г.Дамдинням, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Б.Тулга, Х.Тэмжүүжин, Б.Уянга, Дам.Цогтбаатар, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар хүрэлцэн ирснээр ирц 51.9 хувьд хүрснээр 10 цаг 45 минутад нэр дэвшигчийн сонсгол эхэлсэн.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн өнөөдрийн сонсголд ажиглагчаар хоёр, оролцогчоор 10 иргэн бүртгүүлсэн бол нэг иргэнээс бичгээр асуулт ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.17-д “Сонсголыг хэвлэл мэдээллийн болон нийгмийн сүлжээний хэрэгслээр бүрэн хэмжээгээр нийтэд шууд дамжуулна” гэсний дагуу өнөөдрийн сонсголыг МҮОНТ-ийн I суваг болон Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим суваг шууд дамжуулахдаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор дохионы орчуулгатайгаар нэвтрүүлж буйг сонсгол даргалагч танилцуулав. Сонсголын бэлтгэлийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хангасан гэдгийг тэрбээр дурдаад нэр дэвшигчдийн мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудаст нийтэлснийг тэмдэглэн, сонсголын дэгийг дэлгэрэнгүй танилцууллаа.


Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигчид 10 минутад багтааж мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тухайн албан тушаалд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлынхаа талаар танилцуулав.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах холбогдох танилцуулгаа хийсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн үндсийг шинэчлэн тогтоосон байдгийг, улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан талаар дурдав. “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолд 7 зорилт, 10 зорилго, 80 арга хэмжээний хүрээнд 102 үйл ажиллагааг 10 жилийн хугацаандхэрэгжүүлэхээр тусгасан байдгийн 83.3 хувийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцан хэрэгжүүлэх батлагдсан байдаг. Нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах  эдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахаа илэрхийлсэн. Мөн төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах хүрээнд тус Зөвлөлийн 2021-2025 оны оновчтой хэрэгжүүлсэн, үр дүнтэй арга хэмжээг үргэлжлүүлэн үр дүнд хүргэх үүрэгтэй гэж үзэж байгаагаа танилцуулав. Тухайлбал, шүүхийн зориулалтын байр, шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачаалал, тэдгээрийн цалин, нийгмийн баталгаа, хүний нөөцийн нөхөн бүрдүүлэлтийн асуудал, шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага хэрэгцээ, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудалд анхаарал хандуулахын зэрэгцээ “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлт, сайжруулалтыг эрчимжүүлэн ажиллана хэмээн төлөвлөж байгаа аж. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж ажиллана гэв. Х.Эрдэм-Ундрах нэр дэвшигч “Шинэ тутам байгуулах гэж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн байрны стандарт, шүүгчдийн ажиллах болон тус шүүхээр үйлчлүүлэгч иргэд, хүүхдэд таатай орчин бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг дагнан мэргэшүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллана” гэв. Иргэний хэргийн Анхан шатны тойргийн шүүхийг Арилжааны, Хөдөлмөрийн маргааны зэрэг танхимын зохион байгуулалтад оруулах асуудлыг тухайлан судлаж, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь дагнасан шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүгчид мэргэших, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг олон талын эерэг үр дүн авчрах боломжтой гэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдон ажиллах тохиолдолд энэ чиглэлээр холбогдох судалгаануудыг хийж, шаардлагатай гэж үзвэл санал боловсруулан, эрх бүхий байгууллагуудад хүргүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн.


Х.Эрдэм-Ундрах нэр дэвшигчийн дараа Ч.Баянжаргал нэр дэвшигч холбогдох мэдээллээ танилцуулав. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буйгаа тодотгоод, мэргэжлийн туршлага, мэдлэг, ур чадвараа дайчлан багаар ажиллаж, шүүхийн үйл ажиллагааг сайжруулж, хараат бус, шударга бие даасан шүүхийг цогцлооход хувь нэмрээ оруулах замаар иргэдийн шүүхэд хандах эрхийг баталгаатай хангах зорилго тавин ажиллана гэв. Мөн тэрбээр Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэлд ажиллаж буй нотариатч, хилийн чанадад ажиллаж буй нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарыг бүрэн цахимжуулсан ач холбогдол, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан шүүх болон шүүгчдийн ажлын ачааллыг багасгах зорилгоор төрийн мэдээлэл солилцооны Хур систем, e-Mongolia системд холбох, ингэснээр төрийн мэдээллийн санд байгаа иргэний мэдээллээс мэдээллийн эзний зөвшөөрлөөр хэрэг, маргаанд хамаарах хэсгийг шүүгч татан авах, хэрэглэх зэрэг шаардлагатай ажлыг зохион байгуулж ажиллах болно гэлээ. Томилогдон ажиллах тохиолдолд нэр дэвшигч Ч.Баянжаргал Монгол Улсад иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёсыг нийгмийн амьдралын бүх хүрээнд хэвшүүлэн тогтоох зорилго тавин, шүүхийн бие даасан байдлыг хангах, хүний нөөцөөр хангах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийн хэрэгжилтийг хангаж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, мэдээллээр хангахад онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т “Нэр дэвшигч тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа 10 минутад багтаан танилцуулна” гэж заасны дагуу дараагийн нэр дэвшигч Ц.Жавхлантөгс холбогдох танилцуулгаа хийв.

Тэрбээр хууль, шүүхийн практикт өмгөөлөгчөөр ажилласан 23 жилийн туршлагадаа тулгуурлан шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулна хэмээн төлөвлөсөн байна. Тэрбээр шүүхэд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллаж ирсний хувьиар “иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшүүлэх” тухай Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын тулгуур зорилтыг зөв зүйтэй гэж үздэг бөгөөд энэ зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан ажиллана хэмээн танилцуулсан. Эрүү, иргэн, захиргаа зэрэг бүх төрлийн хэрэг, маргаанд оролцож, мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны онцлог, ололттой болон дутагдалтай талыг тодорхой түвшинд мэдэрсэн хуульчийн туршлага нь түүний давуу тал хэмээн үзэж буйгаа тодотгов. Олон улс оронд түгээмэл байгаа “judicial council” гэж нэрлэдэг байгууллагын хөгжлийн нийтлэг чиг хандлагыг судалсан талаараа нэр дэвшигч Ц.Жавхлантөгс дурдаад, улс орнууд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ хариуцлагатай шүүх тогтолцоог төлөвшүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаатай Монгол Улс зэрэгцэн ажиллаж байгааг танилцуулав. Зөвлөлийн шүүгч гишүүд нь шүүхийн өөрөө удирдах байгууллага болох Нийт шүүгчийн чуулган зэрэг механизмаар дамжуулан хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлд илүүтэй анхаарах нь зүйтэй бол шүүгч бус гишүүд нь шүүх тогтолцооны хариуцлагатай, иргэн төвтэй, олон түмэнд ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр санал, санаачилга гаргаж ажиллах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд томилогдсон тохиолдолд энэ хүрээнд анхаарч ажиллах болно гэв.


Манай улс сүүлийн үед төрийн үйл ажиллагаандаа цахимжилтийг өргөнөөр нэвтрүүлж буй дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн, чамгүй үр дүнд хүрсэн гээд “Шүүх тогтолцооны хувьд shuukh.mn зэрэг онлайн портал бий болгосон нь шүүхийн шийдвэрийг иргэдэд ил тод болгоход чухал алхам болсон. “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого” хэмээх чухал баримт бичгийг 2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан. Миний бие энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд идэвхийлэн ажиллана. Иргэнд аль болох чирэгдэлгүй байх, шүүгчийн ажлын ачаалал зохистой байх зэрэг асуудлыг шийдвэрлэх хамгийн гол гарц бол цахимжилт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, байнга давтан хийдэг нэгэн төрлийн ажиллагааг автоматжуулах, хялбарчлах арга замыг нэвтрүүлснээр шүүхээр үйлчлүүлэгчийн төдийгүй шүүгчийн цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ цахимжилтаас шүүх эрх мэдлийн байгууллага хэт хараат болох явдлаас сэргийлэх, цахимжилтийг зайлшгүй шаардлагатай чухал ажлуудаар хязгаарлах нь шүүхийг технологиос хэт хараат болохоос сэргийлэх, программ хөгжүүлэлтийн зардлыг зохистой хэмжээнд байлгах, мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орохгүй байхад анхаарч ажиллах болно” хэмээн нэр дэвшигч Ц.Жавхлантөгс танилцуулав.


Үргэлжлүүлэн тэрбээр шүүхийн бие даасан байдлыг хангах хамгийн гол баталгаа нь эдийн засгийн баталгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлээд Үндсэн хууль дахь холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн гэв. Үүний зэрэгцээ Зөвлөлийн эхлүүлсэн байгаа ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгаа аж.  Гэр бүл хүүхдийн шүүх шинээр байгуулах бэлтгэл ажил, хялбар ажиллагааны шүүхийн үйл ажиллагааг жигдрүүлэх, шүүхийн орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотойгоор хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг онцгойлон анхаарах шаардлага бий гэлээ. Мөн шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, нэр төрийг хамгаалах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох чиглэлд тууштай дэмжиж, шаардлагатай арга хэмжээ авах талаар санаачилгатай ажиллана хэмээн төлөвлөсөн байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах шүүхийг хүний нөөцөөр хангах ажлыг нэн тэргүүнд анхаарч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын нөхцөл, нийгмийн асуудалд анхаарч, хүний нөөцийн тогтвортой байдалд анхаарна гэв.


Танилцуулгынхаа төгсгөлд нэр дэвшигч Ц.Жавхлантөгс “Миний бие олон жил хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаанд биечлэн оролцож ирсэн бөгөөд тавигдаж буй шаардлагыг бүрэн хангаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдвол өмгөөлөгчөөр ажилласан туршлага, мэдлэг, ур чадвартаа үндэслэн монгол төрийн бодлого, улсын язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, чин шударгаар ажиллана” хэмээсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ч.Өнөржаргал дэгийн дагуу танилцуулгаа хийсэн юм. Өмгөөлөгчөөр тасралтгүй 16 жил, хуулийн салбарт 18 жил ажилласан туршлагаа тэрбээр тодотгоод Шүүхийн ерөнхий зөвлөл хамтын удирдлагын байгууллага тул томилогдсон тохиолдолд Шүүхийн эрх мэдлийн хөгжлийн бодлогод заасан зорилгод хүрэхийн тулд хамтын шийдвэр гарган ажиллахад хичээл зүтгэн гарган ажиллана хэмээлээ.


Шүүгчийн сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгох, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгаанд үндэслэн өөр мэргэшлийн шилдэг хуульчид орж ажиллах боломжийг нээх зорилгоор анхан, давах, хяналтын шатны шүүгчийн шалгуур, шалгалтын агуулгыг өөрчлөхөд анхаарч ажиллана гэлээ. Дагнасан шүүхийн тогтолцооны хүрээнд шинээр байгуулагдах Гэр бүл, хүүхдийн шүүхийн шүүгчдийн тал хувийг хуучин туршлагатай, боломжтой бол 40 наснаас дээш н шүүгчдээс бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул дээрхи саналуудыг Шүүхийн хамтын удирдлагад хүргүүлэн ажиллана гэлээ. Шүүх байгууллагын хүний нөөцийн асуудалд анхаарч, ажлын орчин, цаг, ачааллыг зохистой түвшинд хүргэх, салбарын хүний нөөцийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, хамгаалахад анхаарахаа илэрхийллээ. Шүүгчийг сэлгэн ажиллуулах ялангуяа Хялбар ажиллагааны шүүгчдийг тойргийн шүүхийн шүүгчидтэй сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага их байгааг анхаарч, журмыг боловсронгуй болгох, шүүхийн ил тод байдлыг ханган ажиллах зорилтыг дэмжин ажиллах боловч МХХ-ын Хуульчдийн эрх ашгийг хамгаалах хорооны гишүүний хувьд шүүгчдийн аюулгүй байдлыг чухалчлах үүднээс шүүх хуралдааныг цахимаар нэвтрүүлэхдээ хуралдааныг нэвтрүүлэх журмыг боловсронгуй болгох зэрэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тохиолдолд анхаарч ажиллахаа нэр дэвшигч Ч.Өнөржаргал илэрхийллээ.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг дэлгэрэнгүй танилцуулав. Тус тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Дараа нь холбогдох дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, нар болон сонсголд оролцогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.


Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, шүүх эрх мэдлийн Үндэн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чухал хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэдгийг тэмдэглэсэн. Эрх мэдэл хуваарилалтын онолоороо шүүх нь тусдаа эрх мэдлийн салаа мөчир бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтаар томилдог болсны ач холбогдлыг тодотгон тайлбарлаж байв. Нэр дэвшигчид жендэрийн хувьд тэнцвэртэй байгааг тэрбээр онцлоод, томилогдсон тохиолдолд шүүх нь эрүүл, шударга, ардчилсан нийгмийн тулгуур гэдгийг бодож, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөж, өнөөдөр олон нийтийн өмнө хэлсэн бүхэндээ эзэн болж ажиллахыг хүссэн.


Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар олон улс орны ардчиллын нөхцөл байдлыг судлан ажиллах явцад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх үнэ цэнтэй дэвшил, тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан гэж дүгнэсэн болохоо хэлж байв. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хамгаалах, шүүгчдийг сонгон шалгаруулах, иргэдийн шударга ёсны хүсэмжлэлд нийцсэн шүүх засаглалыг бэхжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл чухал үүрэгтэй гэдгийг тэрбээр хэлээд “Өнөөдөр ийнхүү томилгооны сонсголд нэр дэвшигчээр оролцож буй Та бүхэн Үндсэн хуулийн тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, ардчиллыг хамгаалах, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх чухал бүтэц, тогтолцооны нэг хэсэг болохоор өндөр үүрэг хариуцлага хүлээж байна. Сонсгол нь мэргэжлийнхэн, салбарынхнаас гадна олон нийтийн мэдэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой. Үүний дараа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, дараа нь нэгдсэн хуралдаанаар томилох эсэхийг шийднэ гэдгийг тал бүрдээ ойлгож байгаа гэж найдаж байна” гэлээ.


Оролцогч Ц.Мандхайхатан, засаглалын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэр дэвшигчийн томилгоонуудыг анхааралтай ажиглан хяналт тавихын хамтаар дэмжиж оролцож ирснээ хэлээд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Шүүхийн цахимжилт чухал хэдий ч иргэдийн цахим хэрэглээний ур чадвар, боломжийг тооцох ёстой талаар санал хэлсэн. Оролцогч П.Бадамрагчаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаар гурван судалгаа хийсэн бөгөөд эдгээр судалгааг шинээр байгуулагдах Зөвлөл ашиглах талаар, шүүхийн төсөвтэй холбоотой, шүүхийн бүтэц, тогтолцооны асуудлаар саналууд хэлсэн. Тэрбээр томилгооны сонсгол нь нийгэмд чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод өнөөдрийн сонсголын үйл ажиллагааны зохион байгуулалтад талархал илэрхийлж байсан. Бусад чухал албан тушаалын томилгоог хийхдээ ч энэ жишгээр нээлттэй сонсгол зохион байгуулахыг иргэний нийгмийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаа гэсэн.


Нийгмийн шилжилт үргэлжилж буй энэ цаг үед засаж сайжруулах, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зөв тал руу нь зоригтой өөрчилж ажиллахыг Э.Баярхүү оролцогч хэлж байсан бол оролцогч Б.Оюундэлгэр шүүхийн шударга бус шийдвэрийн улмаас хэлмэгдсэн иргэдийн төлөөллийн хувиар зарим нэр дэвшигчтэй холбоотой байр сууриа илэрхийлж, цөөн тооны шүүгчийн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн шүүх эрх мэдлийн нэр хүнд буурч байдгийг хэлж байсан.


Ийнхүү гишүүд, оролцогчид үг хэлсний дараа сонсголын үйл ажиллагаа өндөрлөв.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гарна гэдгийг Н.Алтанхуяг гишүүн танилцуулав. Үүнээс хойш ажлын 5 өдрийн дотор сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулж, Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлээд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус тайланг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах юм байна. Сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар холбогдох шийдвэр гарна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Н.Алтанхуяг хэлээд “Нийтдээ найман цаг гаруй үргэлжилсэн томилгооны сонсголд идэвхтэй оролцсон нийт оролцогч, ажиглагч, Улсын Их Хурлын гишүүд, О.Номинчимэг гишүүний ахалж ажилласан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье. Сонсголыг олон нийтэд шууд дамжуулсан МҮОНТ, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа” хэмээсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл