Цэс

Холбоо барих

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нээлттэй худалдах, хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүдийн асуулт, хариултыг явуулсан /дэлгэрэнгүйг эндээс/. Иймд хэлэлцүүлэг гишүүдийн асулт хариулт, дэмжсэн дэмжээгүй талаарх байр суурь, санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Энхтуяа, Х.Баасанжаргал, Ч.Анар, Г.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, С.Цэнгүүн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.


Гишүүд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй худалдах хүрээнд төсвийн орлогод хэдэн тэрбум төгрөг төвлөрөх талаар, мөн үндсэн чиглэлийн 4.2-т “МИАТ ХК-ийн 10 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож, нээлттэй компани болгох,  олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэж заасны стратегийн хөрөнгө оруулагчид гэж хэнийг хэлж буйг тодруулахын зэрэгцээ олон улсын бирж нь тодорхой болсон эсэхийг лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг Засгийн газар Улсын Их Хуралд тайлагнасан эсэх, энэ асуудалд тухайлсан алдаа, оноо юу байсан талаарх дүгнэлтүүд, хувьчлах төрийн өмчит компани бүрийн талаарх зах зээлийн болон эрэлт, нийлүүлэлт, хөрөнгийн зах зээлийг хэрхэн тэлэх талаар холбогдох бүх мэдээллээр гишүүдийг хангах эсэхийг тодруулж байлаа.


Ингээд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.


Дараа нь Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг дурдаад үүний дагуу Засгийн газраас дээрх төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг дэмжсэнээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зураад байна гэв.

Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх, судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой аж.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав.

Санал, дүгнэлтэд Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Мөнхбаяр, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүд хуулийн төсөл нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар зүрх, судасны өвчний улмаас гадаад улсад очиж эмчилгээ хийлгэх эдийн засгийн дарамтыг бууруулахад чиглэж буй тул онцгойлон дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ “Зүрх, судасны үндэсний төв”-ийг төрөлжүүлэн байгуулснаар өвчлөл буурахгүйг анхааруулаад цаашид өсөн нэмэгдэж буй уг өвчний учир шалтгааныг судалсан эсэх, урьдчилсан сэргийлэлт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодлогын арга хэмжээ авч байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн жилдээ 5500-6000 хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байгаагийн 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгааг хариултдаа онцлоод 2030 он гэхэд энэ статистик тоо 2.6 дахин нэмэгдэх тооцоололтой байгаа тул "Зүрх, судасны үндэсний төв” барих зайлшгүй шаардлагатай байна гэв. Түүнчлэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгааг 2019 онд хийсэн бөгөөд эл судалгаагаар зүрх, судасны өвчлөлтэй холбоотой дөрвөн эрсдэлт хүчин зүйл нөлөөлж байгааг нотолсон. Тодруулбал, иргэдийн архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, цусанд дахь холестерины хэмжээ их байгаа нь судасны бөглөрөл, зүрх, судасны өвчлөлийг нэмэгдүүлж байна гэж байлаа. Мөн үүнтэй холбоотойгоор 2026 оноос нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд илүүтэй бодлого гарган ажиллахын зэрэгцээ энэ чиглэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд тасралтгүй анхаарч ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх санал хураалтыг  түр хойшлууллаа.  


Үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг танилцуулсан. Азийн хөгжлийн банкны 475.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зураад байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлов.


Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан дараах төслүүдийг хэрэгжүүлах аж. Тодруулбал, 17 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг өргөтгөн, шинэчилж, аймаг бүрд яаралтай болон эрчимт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, нийслэл, орон нутгийн нэн шаардлагатай байршлуудад 32 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах,  хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээлийн эрэлттэй нийцүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишиг сургалтын тогтолцоог бий болгох, онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн танилцуулгад дурдсан байлаа.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж санал, дүгнэлтэд дурдсан байлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат,  Д.Бум-Очир, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Э.Болормаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэнийн яаралтай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн автозамд тохиромжтой туулах чадвар сайтай автомашинаар хангах, хөдөө аж ахуйн салбар дахь ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн салбарт нарийн мэргэжлийн хүний нөөц дутмаг байгаад илүүтэй анхаарч төслийг чиглүүлж ажиллах нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 45 хувь нь хоёроос дээш ээлжээр хичээлллэж байгаа тул нийт 41 сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах төслийг нэн тэргүүнд шаардлагатай байршил, хүн амын төвлөрөл зэргээр нь эрэмбэлсэн эсэхийг илүүтэй тодруулж байв.


Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргал 2028-2030 он хүртлэх хугацаанд ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоо 88 мянгаар өсөх тооцоо, судалгаа гарсан тул шаардлагатай сургууль, цэцэрлэгийн тоог гаргаад үүнээс нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг нь харгалзан эрэмбийг тогтоосон гэж байлаа. Тодруулбал, нийслэл хотод баригдах сургуулиудыг хоёр болон түүнээс дээш ээлжээр хичээллэдэг, хүн амын нягтрал их, анги бүлэг дүүргэлтийн хүүхдийн тоо харьцангүй өндөр зэрэг үзүүлэлтээр байршлыг нь сонгосон бол орон нутгийн тухайд мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад хүүхдийн сурах орчны аюулгүй байдалд эрсдэл үүссэн, олон жил болж хуучирч муудсан барилга зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж байна гэв.   

Ингээд энэ талаарх санал хураалтыг түр хойшлуулсан бөгөөд хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл