Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний /дэлгэрэнгүйг эндээс/ дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлд, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон "Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-т туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг дурдсан байлаа.
Мөн төслийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөснийг М.Энхцэцэг гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад 63.6 хувийн саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас иргэдэд сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг ашиглах талаар нэгдсэн мэдээлэл өгдөг төв байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход ихээхэн хөрөнгө шаарддаг гээд энэ талаасаа тогтоолын төсөл чухал ач холбогдолтой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат сум орон нутаг, гэр хорооллын иргэдээ бодсон Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл болгосон ийм тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаас өгч нь байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг түр хойшлуулаад дараагийн асуудлаа хэлэлцсэн.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д “… хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох …” гэсэн зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.
Дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинэчлэл хийгдэлгүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Хуулийг хэрэглэх хэрэгжүүлэх явцад практикт тодорхой хүндрэл, зөрчил илэрч, төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага, стандарт, зарчимтай нийцэхгүй болсон талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд удаа дараа дурдсан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байлаа.
Үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Эдгээр үндэслэлийг харгалзан Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал, стандарт, суурь зарчмын дагуу шинэчлэн боловсруулж, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тодруулбал, хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг цогцоор нь зохицуулахаар тусгажээ.
Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусганыг Б.Энхбаяр сайд танилцуулав.
Нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.
Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд тодорхой болгохоор холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгожээ.
Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой болон ердийн ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг онцлогтой тул уг процессын зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж энэ хуульд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.
Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн төслийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хэмээн гэж өөрчилсөн байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулав.
Хуулийн төслийг дагалдуулан хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан 33 хуулийн төсөл, хууль хүчингүй болсонд тооцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 40 хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдлаа. Мөн хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад хэрэг гүйцэтгэгчийн эрх олгох шалгалт болон сургалт зохион байгуулах, цахим мэдээллийн сан бий болгох, холбогдох шийдвэрийг нийтэд мэдээлэх чиг үүрэг нэмэгдэж, үүнтэй холбоотой хүний нөөцийн ачаалал болон нэг удаагийн цахим сангийн зардал, хэвлэл мэдээллийн төлбөр үүсэхээр, мөн иргэнд хэрэг гүйцэтгэгчийн сургалтад хамрагдах, шалгалт өгөхтэй холбоотойгоор баримт бичиг нотариатаар гэрчлүүлэх, сургалтын болон шалгалтын хураамжийн төлбөр зэрэг нэмэлт зардал гарахаар тооцсон гэдгийг онцлоод уг хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явуулахад, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг О.Номинчимэг гишүүн танилцуулгадаа дурдав.
Энэ үеэр хуралдаан даргалагч чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төлөвлөсөн асуудлыг хэлэлцэж дуустал цаг сунган хуралдахаар болсныг мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Номинчимэг, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Д.Ганмаа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин төрийн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод аж ахуйн нэгжүүд дампуурч байна гээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээд татан буугдах ял авсан, төлбөрийн чадваргүйтэй холбоотойгоор дампууран татан буугдаж байгаа болон хуулийн этгээд хэн нэгэнд өр, зээл, төлбөрийн ямар нэгэн асуудалгүйгээр өөрийн хүсэлтээрээ татан буугддаг гуравхан л арга зам байдгийг онцлов. Гэсэн хэдий ч Сангийн яаманд санхүүгийн тайлан гаргаж өгөөгүйгээсээ болоод аж ахуйн нэгжүүд хуулийн этгээдийн бүртгэлээс жагсаалтаараа алга болдог жишиг тогтоод буйд Хууль зүй, дотоод хэргийн яам ямар байр суурьтай байгааг тодруулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариултдаа, хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газраас мянган журмыг цэгцлэх шийдвэрийг гаргасан гээд одоогоор 3500 орчим журам байгаагийн бүртгэлгүй 800 гаруй байна. Улмаар тэрхүү 800 гаруй журмынх нь 350 нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг гэв. Монгол Улсын нийтдээ 400 гаруй хуулийн 350-д нь 2420 журам гаргана гэдэг ийм эрх олгосон заалт тусгасан байх жишээтэй гээд иймд энэ асуудлыг бид хамтраад цэвэрлэх шаардлагатай гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хуулийн төслийн цаад агуулга нь хувийн хэвшлийнхэнд эрүүл, тогтвортой, шударга орчныг бүрдүүлэхэд л зорьж байгаа тул аж ахуйн нэгжүүдийн бизнесийг шууд дампууруулаад дуусгана гэхээсээ илүү аврах боломжоор хангах эрх зүйн орчныг бий болгох үзэл санаатай уг төслийг дэмжиж байна гэв. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд төлбөрийн чадваргүй эсвэл бизнес нь дампуурвал түүнээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах нь чухал тул шударга хуваарилалтын асуудал нь хуулийн төслийн томоохон зорилтын нэг байх ёстой гэсэн саналыг хэлж байлаа.
Ийнхүү Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг түр хойшлуулав.
Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв
Хуралдааны төгсгөлд Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар /дэлгэрэнгүйг эндээс/ Хянан шалгах түр хорооны тайлан, санал дүгнэлтийг танилцуулсан билээ. Иймд хуралдаан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгаар үргэлжилсэн.
Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор байгуулагдсан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нарын 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Их Хурлын тогтоолд заасан сэдэв, хүрээ хязгаарын дагуу зургаан сарын хугацаанд ажилласныг дурдав.
Хянан шалгах түр хороо нь тайлан, санал, дүгнэлт болон түр хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед хуралдаан даргалагчаас тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга онцолж байлаа.
Мөн Хянан шалгах түр хорооны 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан танилцуулсан гэв.
Хянан шалгах түр хорооны хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Г.Лувсанжамц нар төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх дэд заалтаас "шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах" гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтаас "Ашигт малтмалын тухай хууль" гэснийг хасаж, "Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг хангаж байхаар" гэж өөрчлөх, мөн заалтын "... нөхцөлийг бүрдүүлэх," гэсний дараа "Баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах" гэж нэмэх, мөн заалтад "Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу иргэд үр өгөөжийн дийлэнх хувийг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орд баялгаа үнэлэн эзэмших хувь хэмжээг тогтоох, Онтрэгийн ашиглалтын талбайг ашиглахад зээлээр бус хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх" гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн 1.2 дахь дэд заалтаас "зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн 1.2 дахь дэд заалтаас "зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах" гэснийг хасаж, "SOFR+3 хувиас хэтрүүлэхгүй байх" гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нар төслийн 1.4 дэх дэд заалтыг "Монголын талын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник, эдийн засгийн үндэслэл /2010 оны/-ийн анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутам харилцан хянах зарчмыг нэвтрүүлж, "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах" гэж найруулах, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, С.Зулпхар, Ө.Шижир, Б.Жаргалан нар төслийн 1.4 дэх заалтын "5 жил тутамд харилцан хянан үзэх" гэснийг 3 жил тутамд харилцан хянан үзэх" болгон өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ц.Даваасүрэн нар 1.5 дахь дэд заалтад ""Оюу толгой" ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төвбанк болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулж авдаг болох" гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан тогтоолын төсөлд "Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх сэдвийн хүрээнд зохион байгуулсан хяналт шалгалт, нээлттэй сонсголын явцад ил болсон гэмт хэрэr, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шалгах, шийдвэрлэхийг эрх бүхий хууль хяналтын байгууллагад зөвлөх" агуулгатай 2 дахь заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн саналуудыг тогтоолын төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" үүрэг бүхий хянан шалгах түр хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж, санал, дүгнэлтээ танилцуулсан тул түр хороог татан буугдсанд тооцсоныг О.Батнайрамдал гишүүн онцлов.
Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат, Б.Уянга, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, С.Ганбаатар, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, У.Отгонбаяр, Ж.Батжаргал, С.Бямбацогт нар үг хэлж, асуулт асууж, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал болон ажлын хэсгээс хариулт авснаар хуралдаан өндөрлөв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English