Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” хэмээн заасан байдаг.
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших хуралдаан 14 цаг 13 минутад эхэлж, Улсын Их Хурлын асуулгын цаг эхлэв. Улсын Их Хурлын асуулгын цагаар “2025: Унасан эдийн засаг, уруудсан итгэл” сэдвийн хүрээнд 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлснийг нэгтгэн Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, parliament.mn цахим хуудсанд байршуулсан асуултуудыг гишүүд асууж, Ерөнхий сайд Г.Занданшатараас хариулт авсан.
Засгийн газар байгуулагдаад хагас жил ажилласан учир үр дүнгийн тухай ярих боломжтой гэж үзэж буйгаа О.Цогтгэрэл гишүүн тэмдэглээд, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, хууль сахиулах ёстой субъектийг төлөөлж байгаа албан тушаалтны хувьд өнгөрсөн хугацаанд хэчнээн албан тушаалтныг авлига, албан тушаалтны хэргийг шалган шийдвэрлэж шүүхэд шилжүүлсэн талаар тодруулсан. Ерөнхий сайд хариулахдаа “Тэмцэл үргэлжилж байна. Авлига, хулгай нэг өдөр бий болоогүй шигээ тэмцлийн үр дүн өргөс авсан юм шиг гарахгүй. Тэднийг өмгөөлөөд, хамгаалаад байдаг асуудал байна. Бүх шатанд авлига, хулгай байна, одоогийн байдлаар 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжлэн, олон арван гэмт хэргийг шалгаж байна. Шаардлагатай гэвэл энэ талаарх хууль хяналтын байгууллагуудын мэдээллийг хаалттай хуралдаанаар танилцуулж болно. Асуудлыг язгуураар нь устгахын төлөөх улс төрийн хүсэл эрмэлзэл, манлайлал, авлигатай хийж байгаа тэмцэл, ажлууд тууштай үргэлжилж байна” гэлээ. Үргэлжлүүлэн Г.Занданшатар сайд асуулгын сэдэв нь 2025 оны 06 дугаар сарын байдлаар бодит үнэн гэлээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан, ам.долларын ханш 4000 төгрөгт хүрэх эрсдэлтэй, төсвийн орлого дутагдсан, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан бол өнөөдөр улсын эдийн засаг сэргээд байна гэв. Өнгөрч буй 2025 он “хөөс хагарч, үнэнтэй тулсан” хүнд жил байлаа, дэлхийн эдийн засгийн байдлаас харахад ирэх жил ч хүнд байх төлөвтэй хэмээн тодотгож байсан. Нүүрсний үнэ 2, 3 жилийн өмнөхөөс 4 дахин уначихсан байгаа нөхцөлд Засгийн газар эрс шийдэмгий бодлогуудыг хэрэгжүүлж, авлигатай тэмцсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 10 дугаар сарын 1-ний байдлаар 5.9 хувьтай, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6.5 хувь болох хүлээлттэй байгаа аж. Мөн “3600 төгрөг даваад байсан ам.долларын ханш одоо 3550 төгрөг болон буурч, төгрөгийн ханш чангарсан. Инфляц 8.2 хувь байна, арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг сайжирч байгааг эдгээр тоо илэрхийлж байна. 2 тэрбум ам.доллар руу уруудаж байсан гадаад валютын албан нөөц өнөөдөр 6.5 тэрбум ам.доллар хүрч байгаа нь түүхэн дээд хэмжээ. Эдгээр тоо баримтыг Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой ангилал руу шилжсэн нь нотолж байна” хэмээн Ерөнхий сайд хариулсан.
Монгол Улсын татварын ачаалал ДНБ-д эзлэх хувь нь 35 орчим байгаа нь өндөр байгааг О.Цогтгэрэл гишүүн хэлээд, төр 30-аад мянган аж ахуйн нэгжийн дансыг хааж, тэд 6-7 их наяд төгрөгийн өрөнд орсон байгаа нь эдийн засгийн бодит байдал гэв. Энэ нөхцөл байдлын онош нь тогтолцоондоо байна уу, эсхүл ашигтай ажилласан аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж байгаа юу хэмээн лавлалаа. Ерөнхий сайд хариулахдаа “Сүүлийн статистик тоогоор 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдааны чиглэлээр нээсэн. Өнөөдрийн байдлаар 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн байна. Цаашид татварын асуудлаар аж ахуйн нэгжийн дансыг хаах явдлыг зогсоож байгаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байгаа татварын багц хуулийн төслүүдэд албадлагын шинжтэй, дарамталдаг, данс хаадаг татварын тогтолцоог өөрчилж, зөвлөн туслах хэлбэр рүү шилжүүлж байгаа. Бизнес эрхлэхэд нь, зөвшөөрөл авахад нь аж ахуйн нэгжүүдээ дэмждэг, тайлан баланс гаргахад нь зөвлөдөг, асуудлаа шийдэхэд нь тусалдаг буюу зөвлөн туслах хэлбэрээр татварыг барагдуулдаг, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг тогтолцоо руу шилжүүлэх үзэл баримтлалтай багц төслийг Улсын Их Хурал хэлэлцэнэ” гэв. Өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засахын зэрэгцээ ололт, амжилттай, сайн талуудыг нь тодотгож чангатгахаар Засгийн газар төслүүдийг боловсруулсан гэлээ.
Аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндрээд байгаа нь тогтолцооны асуудал гэж хүлээн зөвшөөрч байгаа Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа О.Цогтгэрэл гишүүн хэлээд тогтолцооны, татварын иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай учраас эдийн засгийн реформ хийх ёстой бөгөөд реформыг дагаад өршөөлийн асуудал яригдах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг илэрхийлсэн болохыг тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр нийгмийн даатгалын шимтгэл нь татварын шинжтэй болсон, нийлүүлээд тооцох юм бол 40 гаруй хувийн татвартай улс болсон, тэр нь бүх зүйлд нөлөөлсөн байгааг О.Цогтгэрэл гишүүн хэллээ. Ерөнхий сайд, нийгмийн даатгалын шимтгэлийг татварын ерөнхий ачааллын хүрээнд анхаарах ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн ч Нийгмийн даатгалын санг хоосолсон, сангийн менежментийг хэрэгжүүлж чадаагүй, хулгайлсны улмаас нийгмийн даатгал дээр иргэдэд учруулж байгаа энэ өндөр дарамтыг бууруулах ямар ч боломжгүй байгаа талаар тайлбарласан. Татвар, нийгмийн даатгалын цогц реформын хүрээнд аль болох аж ахуйн нэгжүүдээ дарамт багатай, эдийн засгийн эрх чөлөө олгосон эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж, хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа гэв.
Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хамааралтай байгааг өөрчилж, аж үйлдвэржилт, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг зөв хувилбар руугаа орж байгааг Ерөнхий сайд тайлбарлаад “Ийм ч учраас “Эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө”-г Засгийн газар баталлаа. Хувийн хэвшлээ дэмжсэн, ард иргэдийнхээ орлогыг дэмжсэн, эдийн засгаа сэргээх, эдийн засгийн эрх чөлөөг бий болгох, зөвшөөрлийг багасгах, иргэдийн амьдралд наалдах бодит бодлогуудыг хэрэгжүүлнэ. Ойрын хугацаанд мега төслүүд хэрэгжиж эхэлж байна. Энэ олон ажлууд маань амжилттай үргэлжилснээрээ ирэх он итгэл найдварын жил болох боломжтой” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Дав.Цогтбаатар, Б.Жаргалан нар дэд сайд нарыг томилгоотой холбоотой асуудлаар шүүмжлэл хэлж, тус тусын байр сууриа илэрхийлсэн юм. Уг асуултын хариуд Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль дахь “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэсэн зохицуулалтын дагуу, олон улсын жишгээр, улс орнуудын Засгийн газар хоорондын дэд сайдын хэмжээний механизмуудыг ажиллуулах, Засгийн газрын түвшинд хяналтын тогтолцоог бий болгох шаардлагын хүрээнд томилгоо хийсэн гэдэг тайлбарыг өгч байв.
С.Эрдэнэболд гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороонд ирсэн гомдлын талаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан атал төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээний хүрээнд урамшууллыг хассан эсэхийг тодруулсан. Урамшуулал хасаагүй болохыг Ерөнхий сайд тодотгоод “Эхний гурван улирлын урамшуулал олгосон. Удирдлагын үзэмжээр урамшуулал олгоод байгааг өөрчилж, IV улиралд бүтээмж үр дүнд суурилсан, ажлын үнэлгээний үндсэн дээр урамшуулал олгодог тогтолцоог хэрэгжүүлж байгаа” гэдэг хариулт өгч байв.
С.Цэнгүүн гишүүн, хуулийг сонголтоороо хэрэгжүүлэх ёсгүй гэдэг зарчмыг илэрхийлээд, үнийг нь чөлөөлөхгүйгээр эрчим хүчний салбарын өмч хувьчлалыг хийх нь 3-4 жилийн дараа ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэйг сануулсан. Цахилгаан, дулааны үнийг чөлөөлөх нь үнэ нэмэгдэх, тэр хэрээрээ суурь үнэд нөлөөлж, инфляц хөөрөгдөн, иргэдийн нуруун дээр буух эрсдэлтэйг тооцож, тухайн байгууллагуудаар дамжуулан салбарт олон нийтийн, хөндлөнгийн хяналтын механизмыг нэвтрүүлэх зорилготой арга хэмжээ гэж тайлбарласан.
Л.Мөнхбаясгалан гишүүн, Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 99 мянган аж ахуйн нэгж байдаг гэх тоо баримтыг дурдаад “Үүний 70 гаруй мянга нь татварын өртэй. Татварын хүлээгдэж байгаа өр 6.2 их наяд төгрөг байна. 9 мянга гаруй аж ахуйн нэгжийн дансыг хаасан байна” гэв. Энэ тохиолдолд уян хатан бодлого хэрэгжүүлэх талаар санал хэлсэн. Дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлээд татварын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Ч.Лодойсамбуу гишүүн, Ерөнхий сайдын эдийн засгийн сэргэлт, өсөлт нь айл, өрхийн хаалгаар орохгүй, иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байгааг шүүмжлээд тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд хэмнэх албан даалгавар гаргаж төрийн албан хаагчдийн цалин урамшууллыг хасаад, нэг өрхөөс мөнгийг нь аваад нөгөө өрх рүү шилжүүлж байгаа хэмээн үзэж буйгаа хэлсэн. Улсын Их Хурлаас баталсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж байгаагаа Ерөнхий сайд тайлбарлалаа.
Б.Жаргалан гишүүн, Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод 197 дахь хоногтоо ажиллаж байгааг онцлоод бодит үр дүн гарах, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж байсан. Г.Занданшатар сайд парламентын мэтгэлцээний цагт улс орны эдийн засгийг сэргээх бодлого, арга хэмжээний талаар ярих ёстой байтал Дэд сайдын асуудлыг олон давтамжтай хөндөн нэлээдгүй хугацаа зарцуулсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн “Бид илүү бүтээлч мэтгэлцээн өрнүүлмээр байна. 220 мянган төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, үр дүнг сайжруулах, эдийн засаг, үр өгөөжийг сайжруулах асуудлыг бүгдээрээ хамтдаа шийдмээр байна. Шинээр баригдаж байгаа 53 үйлдвэрийг 100 болгомоор байна. Эдийн засгаа сэргээж, татварын реформоо хийхийн тулд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, татварын багц хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталмаар байна” хэмээсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, 21 хоногийн хугацаанд 21 аймгаар тойрч нийт 5600 орчим иргэнтэй уулзан 3000 гаруй саналтай ирснээ нэгдсэн хуралдаанд мэдээллээд зарим иргэний саналыг танилцуулсан юм. Эдгээрийн хариуд Ерөнхий сайд шатахууны нөөц, хангамжийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар мэдээлэл, тайлбар өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 20 хувь, асран хамгаалагчдын тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийн талаар тодорхой мэдээллийг Ж.Баясгалан гишүүн хүсэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй 51 орчим мянган иргэний тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. Үүний дагуу ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ. Асаргааны тэтгэмж авдаг 75 мянга орчим иргэний тэтгэмж 8.6 хувиар, өндөр настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг жигд 8.6 хувиар нэмнэ” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хариулсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үргэлжлүүлэн дэлгэрэнгүй хариулт өгсөн. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төрийн халамж шаардлагатай иргэдийн орлого амьжиргааг нэмэгдүүлэх хүрээнд 93.3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан юм. Энэ хүрээнд 2026 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар, бусад халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар тус салбарын төсөвт туссан байгаа аж. Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар шийдвэр гарсны дараа 2026 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжүүд хуулийн дагуу нэмэгдэх юм байна.
Цөөнхийн бүлэг ийнхүү асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар, хууль батлагдаад есөн жил болсон ч үр дүн нь батлах үедээ төлөвлөж байсан шиг гараагүйн шалтгааны талаар тодруулсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд хэлээд, тус салбар дахь журмаар зохицуулагдаж буй харилцааг цэгцлэх ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлснийг дуулгав. Хуульд нийцээгүй журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаа, эсвэл хуулийн үзэл санааг дордуулж байгаа мянган гаруй журмыг хүчингүй болгохоор Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байгаа аж. Салбарын журмын эмх цэгцгүй байдал хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна цар тахлын дараагаас эм, эмнэлгийн хэрэгсэл өндөр үнэтэй болсон байгааг, энэ хүрээнд холбогдох шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байгааг тайлбарласан.
Үүгээр Улсын Их Хурлын асуулгын цаг дуусаж, дараа нь үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэдээлэв.
Мон
English