Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цаг явуулсны дараа үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаар байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үг хэлэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүн үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар явуулах санал хураалтыг хойшлуулав.
Дараа нь Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Байнгын болон Дэд хороодыг өөрчлөн, оновчтойгоор байгуулах, иргэдийн санал, өргөдлийг шийдвэрлэдэг зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгах асуудлыг ирэх хаврын чуулганы хугацаанд шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авч болно" гэж заасны дагуу 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн систем petition.parliament.mn цахим хуудсанд Монгол Улсын иргэн Отгоны Батхүүгийн гаргасан "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" хуулийн төсөл санаачлах саналыг 100,175 иргэн дэмжсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1-д "хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ" гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан эрхлэх асуудлын хүрээнд Өргөдлийн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.
Төсвийн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, тус Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт заасан хүрээнд санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Даваагийн Цогтбаатар нар ажилласан байна.
Ажлын хэсэг нийтийн өргөдөлд тусгагдсан "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" асуудлыг холбогдох татварын хууль, эрх зүйн зохицуулалт, бодлогын асуудлуудтай уялдуулан нарийвчлан судалж, доорх санал, дүгнэлтийг боловсруулж, танилцуулсныг Төсвийн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Үл хөдлөх хөрөнгө борлуулах, шилжүүлэхэд төлөх татварын асуудал нь дан ганц татварын асуудал биш бөгөөд хөрөнгийн зах зээл, орон сууц болон татварын бодлого, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэгтэй холбогдуулан авч үзэх өргөн хүрээний асуудал байна гэж үзжээ.
Үл хөдлөх хөрөнгийн татварыг чөлөөлөх асуудал нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Орон сууцны тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгүүдээр зохицуулагдаж байгаа тул эдгээр хуулиудыг цогц байдлаар нь уялдуулан судлах зайлшгүй шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтад "албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;" гэж, мөн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэлбэрүүдийг заасан бөгөөд татварын хувь, хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээ нь татвар ногдуулах заалтыг бүхэлд нь хүчингүй болгохтой шууд холбоогүй байна. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгохыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй шууд адилтгах боломжгүй бөгөөд бодлогын үр нөлөө, татварын суурь болон шударга, тэгш байх зарчимд нийцүүлэн тусгайлан авч үзэх шаардлагатай гэжээ.
Одоогийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээллийг агуулсан цахим бүртгэлийн систем төдийлөн сайн хөгжөөгүй, үүнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулах, холбогдох төрийн байгууллага болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй мэдээлэл солилцох асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлага үүсэж байна. Тухайлбал, иргэн тухайн орон сууцыг өмчлөн өөрөө амьдарч байгаа, эсхүл бусдад түрээслүүлж байгаа эсэх, амьдран суух зориулалтаар ашиглаж байгаа эсэхийг нотариат хэрхэн бүртгэдэг, мөн гэрээний бүртгэлтэй холбоотой мэдээллийн нэгдсэн сан бий болоогүй байгаа нь иргэн орон сууцаа ямар зорилгоор борлуулсныг бодитойгоор ялган тогтоох боломжгүй, оршин суугаа хаягийн бүртгэл үнэн зөв бус, түрээслүүлэгч болон түрээслэгчийн бүртгэлийн хөгжүүлэлт сул, олон байр өмчилдөг иргэдийн хөрөнгийн бодит ашиглалтын зорилго тодорхой бус байгаа зэрэгтэй холбоотойгоор иргэдийн орон сууц борлуулалтын зорилгыг нотлох, ангилах нөхцөл бүрдээгүй асуудлууд байгааг анхаарах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Үл хөдлөх хөрөнгийн татварыг дангаар нь чөлөөлөх нь хөрөнгийн зах зээлд татварын гажуудал үүсгэн үл хөдлөх хөрөнгө рүү хэт төвлөрөх, хувьцаа, бонд, үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийн хөрвөх чадвар сулрах, хөрөнгийн төрөлжилт буурах, богино хугацааны ашиг олох үйл ажиллагаа нэмэгдэх, орон сууцны үнэ хөөрөгдөх, эргэлтийн хэлцлийн тоо өсөх зэргээс шалтгаалан бодит хэрэглээний худалдан авагчид зах зээлээс шахагдах, орон сууцны хүртээмж буурах, санхүүгийн экосистемд тогтворгүй байдал үүсэх эрсдэлүүд тулгарахаар байна. Мөн аль нэг төрлийн хөрөнгийг хөрөнгө борлуулсны орлогын татвараас чөлөөлж давуу байдал үүсгэх нь эдийн засгийн салбар хоорондын хөрөнгө оруулалтын хэвийн хуваарилалтыг алдагдуулж, инновац, үйлдвэрлэл зэрэг өндөр бүтээмжтэй салбаруудад чиглэх ёстой хөрөнгө оруулалт үл хөдлөх эд хөрөнгийн салбарт шилжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлнө гэв.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дэх заалтад "үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага" гүйлгээний талаараа мэдээлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй хүн, хуулийн этгээд гэж хуулиар тодорхойлсон. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг татваргүй болгох нь өмчлөл, хөрөнгийн урсгалын талаарх татварын мэдээллийн давхар хяналтыг сулруулж, гүйлгээний ил тод байдлыг бууруулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх, ФАТФ-аас онцолдог үл хөдлөх эд хөрөнгийг мөнгө угаах зорилгоор түгээмэл ашиглах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зориуд өндрөөр, эсхүл багаар тогтоож гүйлгээнд оруулах, гуравдагч этгээдийг ашиглан жинхэнэ өмчлөгчийг нуун дарагдуулах, хөрөнгийн эх үүсвэрийг нуухын тулд үл хөдлөх эд хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдах, худалдан авах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваад богино хугацаанд дахин худалдах замаар хөрөнгө цэвэршүүлэх зэрэг мөнгө угаах өндөр эрсдэлтэй аргуудыг илүү хялбараар үйлдэх боломжийг нэмэгдүүлэхээр байгааг дурдав.
Дээр дурдсан хууль тогтоомж, судалгаа, мэдээлэлд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5.1 дэх заалтад заасны дагуу "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар танилцуулсан.
П.Сайнзориг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, парламент нийтийн өргөдөл, гомдлын систем дээр 100 мянгаас дээш иргэн дэмжсэн нийтийн өргөдлийг хэлэлцдэг байх зарчмыг цаашид баримтлах нь зүйтэй гэлээ. Ийнхүү Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Үргэлжлүүлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тус төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэний өргөдлийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5.1 дэх заалтыг үндэслэн боловсруулсан "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан орон сууцжуулах бодлоготой уялдуулан иргэн анх удаа орон сууц худалдан авах, өмчлөх, анхны болон ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцаа борлуулах, орон сууцны нөхцөлөө сайжруулахад татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулж холбогдох төрийн байгууллага болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй мэдээлэл солилцох асуудлыг судлан иргэдийн орлогод нийцсэн орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой тодорхойлон үл хөдлөх эд хөрөнгийн болон хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөх, татвар ногдуулахтай холбоотой зохицуулалтыг оновчтой болгож эд хөрөнгийн өмчлөл, хөрөнгийн урсгалын талаарх татварын мэдээллийн давхар хяналтыг сайжруулах, гүйлгээний ил тод байдлыг хангах замаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт баригдсан орон сууцанд татвар ногдуулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбогдсон хуулийн төслийг боловсруулж татварын багц хуулийн төсөлтэй хамт, эсхүл үзэл баримтлалыг тусад нь тодорхойлон 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах зэрэг асуудлыг тусгажээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Б.Батбаатар нар үг хэлж, тодруулга хийсний дараа санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон 90 гишүүний олонх Төсвийн байнгын хорооны дэмжсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах саналыг дэмжээгүй юм. Иймд Н.Учрал дарга Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоор ахлуулан байгуулахаа мэдэгдэв.
Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэдээлэв.
Мон
English