Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан юм. Монгол Улс 1990 оноос хойш Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагад гишүүнээр элсэж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг давах эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох зэрэгт дээрх олон улсын байгууллагуудтай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газраас гадаадын нэн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийг авч ашиглаж ирсэн гэв. 2011 оноос нэн хөнгөлөлттэй зээл өөрчлөгдөж, энгийн болон хөнгөлөлттэй зээлд хамрагдах болсон байна. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болон болсон тул зөвхөн арилжааны нөхцөлтэй зээл авах боломж боломжтой болж зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд нийт 21.7 их наяд төгрөгийн гадаад зээлийг авч ашиглан дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр 300 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна.
Үүнд Япон улсын зээлээр шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл тусламжийн хөрөнгөөр, Япон-Монголын анагаах ухааны эмнэлэг, БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл, Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны авто зам барих төсөл, Яармагийн болон замын цагдаагийн гүүр барих төслүүд, Гацуурт, Налайхын авто замын төсөл, Азийн хөгжлийн банкны зээлээр баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах эрчим хүчний шинэчлэл хийсэн “Эрчим хүч” 1, 2 төсөл зэрэг томоохон төслүүдийг ашиглалтад оруулсан байна. Харин өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлаас соёрхон баталсны дагуу Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр нь байгуулагдсан гадаад зээлийн тусламжийн нийт 116 төсөл хэрэгжиж байгаагаас гадаад зээлийн 89 төсөл байгаа юм байна. Эдгээрийн төсөл зээлийн санхүүжилтийн ашиглагдаагүй нийт үлдэгдэл 14.7 их наяд төгрөг юм байна. Түүнчлэн 95.5 хувь нь 2030 он гэхэд дуусахаар гэрээ хэлэлцээр байгуулагджээ. Гэвч гадаадын зээлийн ашиглалтын хэмжээ тухайн жилийн төсөвт хязгаарлагдмал байдлаар батлагдаж байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удаашрах, нэмэлт санхүүжилт үүсэх, зээлийн үйлчилгээний төлбөрт нэмэгдэх зарим төсөл 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих эрсдэлтэй байгаа гэв төсөл санаачлагчид үзсэн байна.
Иймд гадаад зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдээс Үндэсний аюулгүй байдлыг хангах, Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн жагсаалтад багтсан импортыг орлож үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлж ашиглалтад оруулах зорилго бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.
Өмнө дурдсан гадаад зээлийн ашиглагдаагүй үлдэгдлийн 38 хувь буюу 5.6 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн санхүүжилт аж. Гадаад зээлийн эх үүсвэр хэрэгжүүлж буй зөвхөн дээрх гурван төслийн санхүүжилтийн ашиглалтын зардлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4, 12.1.5-д заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн тооцооллоос тусад нь тооцож явах тухай зохицуулалт болохыг төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа.
Хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд дээрх төслүүдийг Улсын Их Хурлаас соёрхон баталсан хугацаагаар хэрэгжиж, зээлийн ашиглалт, ашиглалт нь гэрээ, хэлцээр батлагдсан дүнгээс хэтрэхгүй байх хязгаарлалттай бөгөөд бүтцийн хувьд 9 зүйлтэй аж. Хуулийн төсөлд хамаарах төслүүдийг тодорхой тусгасан гэдгийг тодотгож байв.
Харин дээрх төслүүдийн ашиглалтын хэмжээгээр Засгийн газрын өр ба бүртгэх өрийн хязгаарт тооцох зэрэг бусад харилцаанд хуулийн төсөл өөрчлөлт оруулахгүй бөгөөд хуулийн төсөлд тусгаснаас бусад асуудлыг холбогдох хуулиудаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Анхдагч хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг дурдав. Судалгааны тайлангаас харахад олон улсын ийм туршлага түгээмэл байдаг бөгөөд ХБНГУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улсууд хөгжлийн томоохон төслүүдээ ийм байдлаар санхүүжүүлж ирсэн туршлага байдаг аж. Гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа баригдсанаар жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах, дотоодын хэрэглээний 55 хувийг хангах, жил бүр 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэж импортын хараат байдлаас гарч шатахууны үнийг бие даан уян хатан зохицуулах үр ашигтай аж. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах эерэг үр нөлөөтэй. Эил бүр 17.5 тэрбум дотооддоо төгрөгийг дотооддоо үлдээнэ, эрчим хүчний импортыг бууруулна. Сэлбэ дэд төв ашиглалтад орж, гэр хорооллыг орон сууцжуулснаар нийт 158 га талбайд 10 мянга гаруй айлын орон сууцын цогцолбор хороолол бий болох ач холбогдолтой. 118 мянга гаруй янданг цөөлж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирд бохирдлыг бууруулах, 4 мянга гаруй нүхэн жорлонг устгаж, хөрсний бохирдлыг бууруулах, орчныг цэвэршүүлэх ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ зээлийн ашиглалтыг сайжруулснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн ашиглаагүй үлдэгдэл төлөх төлбөрт 105.1 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. Энэхүү төсөл батлагдсанаар нийт гарах үр дүн дээрхээр хязгаарлагдахгүй бөгөөд стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах ,урсгал эрс багасаж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан зээлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хөгжлийн түншлэл байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх аж. Төсөвт учруулах гадаад зээлийн дарамтыг багасгаж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжих, зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болох аж. Төсөл санаачлагч илтгэлийнхээ төгсгөлд үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх, үнийг дотооддоо тогтоох боломж олгох, баруун бүсийг эрчим хүчээр хангах, импортын хараат бус байдлаас гарах, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх гурван төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах хууль эрх зүйн орчин бий болгох хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Төсвийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг П.Сайнзориг гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан, А.Ариунзаяа, А.Ганбат, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм.
Ийнхүү гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтуудыг нэгтгэн явууллаа.
Эхлээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 55 нь буюу 61.1 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Дараа нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 57.8 хувь нь дэмжлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан нь үүгээр дуусгавар болж байгаа аж. Завсарлагын талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал санал танилцууллаа. Тэрбээр бүлгийн гишүүд уг асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас завсарлагын хугацааг ажлын гурван өдрөөр сунгах хүсэлтээ танилцуулахад Н.Учрал дарга хүсэлтийг ёсоор шийдвэрлэсэн.
Ингээд энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулав. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалтын дагуу Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг дурдав. Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсөв”-ийн гүйцэтгэлийг дэлгэрэнгүй танилцууллаа.
2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн юм. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Жанрайсаг бурхан”-ыг “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.
1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2.000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн С.Наранцогт ерөнхийлөгч, 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд дараах байдлаар төлөвлөжээ. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан байна. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24,300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна.
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн Засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй байна.
Төслийн танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 100000 төгрөгийн дурсгалын дэвсгэртийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр Чингис хаан баримлын талаар болон дахин ийм төрлийн бүтээн байгуулалт хийхтэй холбоотой тодруулга хийж, Монголбанкны Ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан.
Эдийн засгийн байнгын хорооны саналаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулах байсныг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English