Цэс

Холбоо барих

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.12.30)-ийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа уншиж танилцууллаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж томилохоор заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан юм. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсголын тайлан болон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат, Ж.Баярмаа, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлжээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нэр дэвшигчдийн талаарх санал хураалтыг нууцаар явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Иймд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэн, ШЕЗ-ийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн бол нэр дэвшигч Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Чинзоригийн Өнөржаргал нарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд засаглалын салаа мөчир болох шүүхийн байгууллагуудын өндөр мэргэжлийн хүмүүсийг сугалан авч, улс төрийн албан тушаалд томилох нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийлж, цаашид шүүх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон юм. ШЕЗ-ийн гишүүдэд мэргэжил, ёс зүйн өндөр шаардлага тавигддагийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг сануулж, Байнгын хорооны хуралдааны үед яригдсан нэр дэвшигч Ч.Баянжаргал холбоотой асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонхын санал аваагүй нэр дэвшигчдийг эргэн харж, нягтлан үзэх нь зүйтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал энэ үед горимын санал гаргаж, хувь хүмүүстэй холбоотой асуудал хэлэлцэж буй тул санал хураалтыг нууцаар явуулах горимын санал гаргасан боловч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Иймд санал хураалтыг илээр явуулахад нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58 нь буюу 71.6 хувь, нэр дэвшигч Ч.Баянжаргал 54 нь буюу 66.7 хувь нь дэмжлээ.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо. Тогтоолоор Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөллөө. Чөлөөлөгдөж байгаа гишүүдийн ажлын тайланг сонсдог, хэлэлцдэг байх шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг энэ үеэр анхаарууллаа.

Үүний дараа “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.3 хувь дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл