Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 10 дугаар дүгнэлтээ гаргасан юм. Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн дээрх зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн, харин Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх…” эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.12.30)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан бол дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал уншиж танилцуулав. Тэрбээр Байнгын хорооны саналтай санал нийлэхгүй байгаагаа танилцуулгынхаа эхэнд дурдсан юм.
10 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд тус дүгнэлтийг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ж.Баярмаа, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авсан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт дэх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг заалт бүрээр санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүний үндсэн эрх бөгөөд түүнийг Үндсэн хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг баримт бичгүүдэд хүлээн зөвшөөрч, хамгаалдаг гэдгйиг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлон сануулж, гэвч хүний үг хэлэх эрх чөлөө бусдын нэр төр, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай зөрчилдсөн, хүчирхийлэлд уриалсан агуулгатай бол хуульд заасан хүрээнд хязгаарлаж болдгийг хэлэв. Тэрбээр, эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар алдар хүнд гэж юуг ойлгох, илтэд хууль бус мэдээлэл гэж юуг ойлгох зэрэг хүрээ хязгаарыг тодорхойлж өгөөгүйгээс болж хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдаж болзошгүй нөхцөл байдал бий болсон байгааг анхааруулж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс гаргасан тайлбартай нийцүүлэн хүний эрх, эрх чөлөөг илүү баталгаажуулах хууль санаачилж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалж, бусдын алдар нэрийг хамгаалах гэдэг нэрийн дор хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэнд бүдүүлгээр халдаж болохгүйг гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, А.Ариунзаяа, А.Ганбаатар, Х.Тэмүүжин, Б.Батбаатар, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Х.Баасанжаргал, нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн “Ардчилсан нийгэм дэх олон талт, шүүмжлэлт дуу хоолой, чөлөөт хэлэлцүүлгийг намжаахад урвуулан ашиглах нөхцөл бий болжээ. Авилга, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийг хөндсөн асуудлаар мэдээ, мэдээлэл бэлтгэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл туурвих, нөгөө талд нь ард түмний эрх мэдэл энэ хэрээр зөрчигдөж байгаа…” гэсэн тайлбарыг уншиж, алдар хүнд, нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэх хүний үндсэн эрхэд тавьдаг хязгаарлалт нь нийтлэг шаардлага, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтад тавих тусгай шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэснийг онцлов. Тэрбээр хэн нэгэн өөрийгөө гүтгэсэн гэж цагдаад хандахад прокурор цагдаа нар Эрүүгийн хуулийн 13.14-өөр шууд нөгөө хүнийг буруутай гэж зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, таслан сэргийлэх арга хэмжээг чөлөөтэй авдаг талаар дурдаж, хэзээ ч нөгөө хүнийг энэ буруугүйг нотлох баримт цуглуулдаггүй, ийм өрөөсгөл талтай заалт гэдгийг тайлбарлаж, хэрэв Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээж авахгүй бол хүний үндсэн эрхээс эргэж алхсан, ардчиллаас ухарсан хэрэг болно гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хоёрдмол утгатай байна гэж шүүмжлээд, худал мэдээлэл тараах, гүтгэх нь оногдуулдаг хариуцлагатай байх ёстой бөгөөд тэр нь илүү тодорхой, нарийвчилсан зохицуулалттай байна гэсэн ийм дүгнэлт байх тул дэмжиж, хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар нэр төрөө хамгаалах ганцхан арга бол зөв явах гэдгийг сануулж, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын гол хэмжүүрүүд боловч Эрүүгийн хуулийн энэ заалтаас болж манай улс олон байраар ухардгийг анхааруулсан юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн өөрийн хяналтын тогтолцооны талаар тайлбарлаж, Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг дэмжи, хүлээн авахыг уриаллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн энэ заалтаар төрийн байгууллагууд айлган сүрдүүлдэг жишиг тогтсоныг өгүүлж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь төрийг шүүмжилж болохгүй, даргын үйл хэргийг өөрөөр харж болохгүй гэх хандлага руу нийгмийг түлхэж эхэлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдагдаж буй олон саналтай санал нийлж байгаагаа хэллээ. Гэхдээ Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ байгааг тэрбээр онцолж, Цэц аливаа хууль Үндсэн хуульд нийцэж буй, эсэх талаар дүгнэлт гаргахаар бус Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах эрхгүй гээд, Улсын Их Хурал ч Үндсэн хуулиа дагаж мөрдөж, дээдлэх ёстой гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэц гүтгэх хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулж болохгүй гээгүй бөгөөд хүний итгэл үнэмшилтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнээгүй сануулаад, таван жилийн хугацаанд 840 орчим хүн энэ гэмт хэрэгт ял шийтгэгдсэний 88.5 хувь нь цахим орчинд хүн гүтгэсэн нь тогтоогдсоныг дурдав. Мөн энэ заалтаар шийтгэгдсэн хүмүүсийн 15 хүрэхгүй хувь нь сэтгүүлчид байгааг танилцуулж, энэ нь зөвхөн хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал биш гэдгийг харуулж байна гэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой нарийн зохицуулалт шаардлагатайг өөрт тохиолдсон жишээ баримтаар илэрхийлэн өгүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах асуудлыг зөвхөн уриа лоозон болгож, бодит байдал дээр зөрчдөг явдлыг эцэс болгох цаг болсныг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал 10 дугаар дүгнэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж, дүгнэлтийг хүлээж аваад түүний мөрөөр хийх ажлуудаа дараа нь дэс дараатай хийх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хүнийг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах зэрэг нь өөр хоороондоо, мөн энгийн иргэнд үү, нийтийн албан тушаалтанд уу гэдэг нь ч дотроо ихээхэн ялгаатай бөгөөд үүсэх хор уршиг нь ч бас харилцан адилгүйг онцолж, тэр бүгдийг нарийвчлан хуульчлах боломж гарч буйг олзуурхаж байгаагаа илэрхийлэв. Мөн Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг засаж, сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг тэрбээр өгүүллээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцээс зөрчсөн гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг заалт бүрээр санал хураалт явуулж, Хууль зүйн байнгын хороо дэмжээгүйг дэмжих томьёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн энэ оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авлаа. Дүгнэлтийг хүлээн авсан тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор байгуулахаар тогтлоо.
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тус Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан бөгөөд уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэгтэй ажилласан Ажлын хэсгээс үндсэн чиглэлд тусгасан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн гол зорилт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувиас багагүй түвшинд хадгалах, инфляцыг зорилтот интервалд тогтворжуулах, эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцыг 5.0 хувьд хязгаарлах, ядуурлыг 15.0 хувь хүртэл бууруулах, төсвийн урсгал зардал, алдагдлыг бууруулах зорилтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд онцгойлон анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлүүдийг өгөхөөр тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд тогтоолоор Монголбанк болон СЗХ-нд өгсөн үүрэг, чиглэлүүд нь үндсэн чиглэлтэй давхардаж байгаа талаар, мөн Хөрөнгийн биржийн талаарх зохицуулалтууд болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэхүйц тээвэртэй холбоотой аливаа нэмэлт зохицуулалт, шийдвэр гаргахгүй байх тухай зохицуулалтууд шаардлагатай эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тогтоолын төслийн үндсэн агуулгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зохицуулалт нь хэт ерөнхий байдлаар тусгагдсан нь уг тогтоолын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, хэрэгжилтийг үнэлэх боломжгүй болгож байгаа талаар саналаа хэлж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахад чиглэсэн энэхүү тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Л.Соронзонболд нарын гишүүд санаачилсныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав. Өнгөрсөн сарын байдлаар инфляцын түвшин Монголбанкны барих ёстой түвшнээс өндөр буюу 8.2 хувьтай байгааг тэрбээр мэдээлж, 2024 оны 10 дугаар сард 313 барааны үнэ өсөлттэй байсан бол өнөөдөр 406 барааны үнэ өсөлттэй байгаа нь ард иргэд, айл өрхөд ямар их дарамт учруулж байгааг ярих цаг болсон гэлээ. Монголбанкны өөрийнх нь алдагдал зургаан жилийн дотор 7.5 их наяд төгрөг болсон, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын тоо 577-д хүрсэн, лизингийн үйлчилгээ хэмээх нэрийдлээр мөнгө хүүлэлт газар авч буй зэргийг Улсын Их Хурлын дарга онцлон дурдаж, иймд Монголбанк, СЗХ, Засгийн газарт 16 чиглэлээр үүрэг өгч байгаа энэхүү тогтоолын мөрөөр ажиллахыг Улсын Их Хурлын гишүүд зөвлөв.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул санал хураалт явууллаа. Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсголоо. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, ““Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай”, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” болон Худалдааны түр хэлэлцээр Соёрхон батлах тухай хууль батлагдсантай холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолууд, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English