Цэс

Холбоо барих

Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно



Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Д.Лүндээжанцан шинэ Үндсэн хуулийн онцлог, ач холбогдлын талаар ийн онцлон ярьсан юм. Тэрбээр Үндсэн хуулийн эхийг баригч, хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн судлаач, хуульч билээ.  


-      1992 оны Үндсэн хуулиар бол монголчууд дэлхийн бусад улс орны нэгэн адил, нийтлэг гольдролоор жам ёсны хөгжлийн дагуу адилхан ажиллаж, амьдарцгаая аа. Ард түмэн нь хувийн өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлдэг, засаг төрөө өөрсдөө сонгож байгуулдаг байх, засаг төр нь ард түмнийхээ хяналтад байх, төрийн эрх мэдэл нь хуваарилагдсан, хүний эрх чөлөө нь хангагдсан, хүмүүнлэг, ардчилсан нийгэмд бусадтай ижил, хөл нийлүүлж амьдаръя гэсэн хүсэл эрмэлзлийг Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Үүгээрээ ач холбогдолтой юм. Төр иргэнтэйгээ гэрээ байгуулсан гэсэн үг. Тэр гэрээг Үндсэн хууль гэдэг. Тэгэхээр залуу хүн Та, иргэн хүн Та төрийг удирдах үйл хэрэгт төрийн эрх мэдлийн эх сурвалж болохын хувьд өөрөө идэвхтэй байгаач ээ. Ядаж сонгуульдаа оролцооч. Өөрсдийнхөө сонгосон хүмүүст хяналт, шаардлагаа тавиач. Мөн хууль тогтоомж баталж байгаа үйл явцад санаа бодлоо байнга илэрхийлж, парламентын цахим талбар https://d.parliament.mn-аар дамжуулаад эргэх холбоотой ажиллах, иргэн таны идэвхтэй байр сууринаас их зүйл шалтгаалдаг юм байна.

    Товчхондоо иргэдийн оролцоо, хяналт их чухал. Мэдэх эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэрт өөр, өөрийн үзэл бодол, санал, бодлоо илэрхийлэн оролцох утга учиртай. Монголчууд “Бүлээн усаар угаавал хиргүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг. Парламент бол олон ургальч, олон түмний засаглал юм. Сонгогчдын саналаар байгуулагддаг онцлогтой. Үндсэн хуулиараа бол төрийн эрх мэдэл барих, хууль тогтоох дээд байгууллага бол Улсын Их Хурал. Монгол төрийн дархлаа нь Үндсэн хууль. Олон хоногийн турш, ул суурьтай хэлэлцэн байж баталсан Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд та бидний оролцоо чухал юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл