Цэс

Холбоо барих

Шинжлэх ухаанч монгол

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны их, дээд сургуулийн оюутны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнийн эсээг толилуулж байна.


“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.” С.Зориг

Интернэт, цахим технологи, инновац дэлхий даяар эрчимтэй хөгжиж, аливаа асуудлыг олон нийтээр нээлттэй хэлэлцдэг болсон өнөө цаг үед иргэн бүр олон талын мэдлэгтэй, аливаа мэдээллийг өөрийн байр сууринаас шүүн тунгаах чадвартай байх нь нийгмийн шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлэх болжээ. Мэдээллийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр иргэдийн нийгмийн хариуцлага, бодит шүүмжлэл, шинжлэх ухаанд суурилсан дүгнэлт хийх чадвар давхар өсөх ёстой. Гэвч харамсалтай нь монголчууд бид зарим асуудалд ухаалгаар бус, сэтгэл хөдлөлөөрөө, бусдын нөлөөнд автсан байдлаар хандах хандлага түгээмэл ажиглагдах болжээ. Үүний тод жишээ нь уул уурхайн салбар, байгалийн баялагтай холбоотой төрийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийн талаарх олон нийтийн хандлага юм.

Япон Улсад сурагч солилцоогоор суралцаж байх үед “Азийн орнуудын улс төр, эдийн засаг” хичээлийн цаг дээр нэгэн япон оюутан надаас “Монгол байгалийн баялаг ихтэй гэж сонссон. Тэгвэл яагаад ямар ч байгалийн баялаггүй Японоос илүү баян биш юм бэ?” хэмээн асууж билээ. Тухайн үед энэ асуулт надад “алтан дээр суусан гуйлгачид” гэх хэлцийг өөрийн эрхгүй санагдуулсан юм. Монголчууд эх газрын цээжинд орших, өргөн уудам нутагтай, арвин түүхтэй, байгалийн баялгаар баян орны иргэн хэмээн эх орноороо бахархах дуртай атлаа байгаа баялгаа хэрхэн зохистой ашиглаж, бодит үр өгөөжийг нь хүртэх талаар одоог хүртэл хангалттай ойлгоогүй л явна.

Бид ихэнхдээ байгалийн баялгийг “бидэнд байгаа эсэх”, “хэр их байгаа вэ” гэж ярьдаг. Гэвч үнэндээ байгалийн баялаг бол өөрөө давуу тал ч биш, сул тал ч биш, харин тухайн нийгэм түүнд хэрхэн хандаж байгааг шалгадаг хариуцлагын шалгуур гэж би хардаг. Ижил хэмжээний баялагтай атлаа зарим улс баяжиж, зарим нь авлига, үл итгэлцэл, нийгмийн хуваагдалд автдаг нь үүний томоохон илрэл юм. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг нь тухайн улс орныг хөгжилд автоматаар хүргэдэг хүчин зүйл бус, харин төрийн бодлого, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэдийн мэдлэг, нийгмийн соёлын түвшнийг бодитоор илчилдэг толь мэт.

Манай улсад байгалийн баялгийг тойрсон маргаан ихэвчлэн “ашиглах уу, эсвэл ашиглахгүй юу” гэсэн хоёр туйлын дунд өрнөдөг. Гэвч энэ мэт асуулт нь асуудлын голыг бус, зөвхөн гадна талыг нь хөндөж байдаг. Үнэндээ асуух ёстой гол асуулт бол “ямар хяналттайгаар”, “ямар ил тод тогтолцооны дор”, “ямар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр” ашиглах вэ гэдэг явдал юм.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд “газраа ухаж гадаадуудад зарлаа”, “баялгаа олборлож байгалиа сүйтгэлээ” гэх мэт байгалийн баялгийн ашиглалт, уул уурхайн салбарт чиглэсэн сөрөг байр суурь, шүүмжлэл өргөн тархаж, нийгмийн анхаарлыг татах болсон. Магадгүй зарим улстөрчид, эрх мэдэлтнүүдийн шунал, бодлогын алдаатай шийдвэрүүдээс үүдэн уул уурхайн салбарын нэр хүнд нийгэм, олон нийтийн дунд унасан нь үнэн байж болох юм. Гэвч үүнээс болж бүхэл бүтэн салбарыг үгүйсгэж, үйл ажиллагааг нь бүрэн хаах, хориглох нь бодит шийдэл мөн үү гэсэн асуулт зайлшгүй урган гарна.

Байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглахын тулд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа нэн чухал. Ялангуяа иргэдийн шинжлэх ухааны суурь мэдлэг, судалгаанд үндэслэсэн бодит мэдээллээр дутмаг байдал нь иргэдийн төрийн бодлогод үл итгэх хандлагыг бий болгож, улмаар үндэслэлгүй шүүмжлэл, ташаа мэдээлэл тархах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд төрөөс хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд саатах, зарим тохиолдолд бүр зогсох хүртэл нөхцөл байдал үүсэж, улсад учрах эдийн засгийн хохирол улам нэмэгдэнэ.

Үүний нэгэн тод жишээ нь Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол юм. Диспрози, терби, неодим, празеодим зэрэг тогтмол соронзонгийн түүхий эд болдог газрын ховор элемент агуулсан тус ордыг зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед ашиглах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой болохыг би Монгол Улсын Их Хурлын цахим хуудаснаас уншсан юм. Гэтэл эсрэгээрээ сошиал орчинд “тус ордоос ялгарах цацраг идэвхт бодисын нөлөөгөөр таван хошуу малд гажиг үүсэж, хүн амьтны эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлнэ” гэх ташаа ойлголт олон нийтэд нэлээдгүй өргөн тархсан байв. Монголчуудын дунд газрын ховор элемент гэж юу болох, түүний дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, ач холбогдол, үр өгөөж, боломжит сөрөг нөлөөний талаар тайлбарлах нь бүү хэл, эдгээрийг өөрөө ойлгон дүгнэх суурь мэдлэгтэй иргэд хатуухан хэлэхэд цөөн байдаг. Би ч тэдний нэг. Гэтэл олон улсын туршлагаас үзэхэд газрын ховор элементийг аюулгүй олборлож, эдийн засгийн бодит үр өгөөж хүртэж буй улс орон цөөнгүй бөгөөд үүний томоохон жишээ нь манай урд хөрш болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс юм. Тус сонсголтой холбоотой мэргэжлийн шинжээчдийн шинжилгээ, судалгаагаар олон нийтэд тархсан мэдээллүүд үндэслэлгүй болох нь тогтоогдсон ч ийм ташаа ойлголтыг залруулахад олон сар зарцуулж, энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид хохирч, улмаар улс орон олох байсан боломж, цаг хугацаа алдсан нь харамсалтай.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хорин зургаан хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75 хувь, экспортын орлогын 95 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, улсын төсвийн орлогын 27 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Эдгээр тоо баримт нь уул уурхай манай улсын эдийн засагт ямар чухал байр суурь эзэлдгийг тодорхой харуулна.

Гэтэл нөгөө талаас манай улсын эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтыг геологич мэргэжил олон жил тэргүүлж буй боловч Монгол Улсын их сургуулийн Геологийн ангид жилд ердөө 20 орчим оюутан элсэж байгаа нь салбарын талаарх нийгмийн хандлага ямар түвшинд байгаагийн нэг илрэл юм. Улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг, эдийн засагт хамгийн их нөлөөтэй салбараа бид яагаад үгүйсгэж, залууст энэ чиглэлийн мэргэжилтэн болох сонирхол яагаад ийм бага байна вэ гэх асуулт эндээс урган гарч байна.

Байгалийн баялгийг олборлох асуудал болон түүнээс олсон орлогыг нийгэмд шударга, үр ашигтай хуваарилах асуудал нь хоорондоо ялгаатай боловч салшгүй холбоотой ойлголт юм. Миний хувьд байгалийн баялгаа олборлон, гадаад зах зээлд экспортолж, улс орондоо ашиг орлого оруулах бодлогыг дэмждэг. Харин түүнийг хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн зөв зарцуулж, иргэн бүрд бодит үр өгөөж болгон хүргэх вэ гэдэг дээр төр, эрх баригчид илүү хариуцлагатай, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг.

Байгалийн баялгаа ашиглан бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн орны нэг тод жишээ бол Норвег улс юм. Тус улсад нефть, хийн салбар олон нийтийн хатуу хяналтад байдаг бөгөөд компаниуд орлого, татвар, урамшууллын талаарх мэдээллээ тогтмол, ил тод байдлаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх үүрэгтэй. Ийм ил тод тогтолцоо нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, баялгийн үр өгөөжийг нийтээрээ хүртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр бодит ахиц гарч, цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль батлагдан, ХУР болон ДАН систем шинэчлэгдэж, И-Монголиа төрийн үйлчилгээний нэгдсэн систем нэвтэрсэн. Хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын цахим засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан нь төрийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах чухал алхам болсон юм.

Үүнийг даган Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд өөрсдийн үйл ажиллагаа, төслийн баримт бичиг, мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулж эхэлсэн. Гэвч эдгээр олон хуудас, мэргэжлийн хэллэгтэй баримт бичгийг судлаач, мэргэжилтнүүд ойлгож унших боломжтой боловч энгийн иргэдийн хувьд төдийлөн сонирхол татахгүй хэвээр байна. Үүний улмаас иргэд бодит баримтаас илүүтэй олон нийтийн сүлжээгээр тархаж буй аар саар, буруу ташаа мэдээлэлд автах нь элбэг ажиглагддаг.

Иймд аливаа уул уурхай, байгалийн баялагтай холбоотой асуудлаар мэргэжилтэн, судлаачид шинжлэх ухаанч үндэслэлтэй мэтгэлцэх, бодит судалгаанд суурилсан мэдээлэл түгээх зайлшгүй шаардлагатай. Үүний зэрэгцээ уг үүргийг гүйцэтгэх чадвартай судлаач, мэргэжилтнүүдийг бодитоор дэмжих, салбарын хүний нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх бодлого чухал байна. Судлаачдын судалгаа хийх орчин, санхүүжилт, нийгмийн баталгааг сайжруулах, залуу мэргэжилтнүүдийг уул уурхай, геологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлд татах, тогтоон барих бодлогыг системтэй хэрэгжүүлж чадвал олон нийтийн дунд тархах ташаа ойлголтыг мэргэжлийн түвшинд, баримтад суурилан залруулах боломж бүрдэх юм. Ингэснээр өнөөгийнх шиг шинжлэх ухаанч дуу хоолой сулрах бус, харин нийгмийн шийдвэр гаргалтад бодитойгоор нөлөөлөх чадамжтай болж, уул уурхайн салбарын хөгжлийг эрүүл, тогтвортой үргэлжлүүлэн авч явах нөхцөл бүрдэх боломжтой.

Мөн иргэдийг газарзүй, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгээр хангах, сурагчдын газарзүйн хичээлд хандах хандлагыг өөрчилж, сонирхлыг татах бодлогыг системтэй, тууштай хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Жишээ нь, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 2024 оны нэмэлтээр нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх заалт орж ирсэн. Тус заалт нь аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа бөгөөд, тэд уг зохицуулалтад нийцсэн үйл ажиллагааг аль хэдийн төлөвлөж, бодитоор хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг цаашид илүү оновчтой ашиглаж, шинжлэх ухааны салбар, тэр дундаа газарзүй, уул уурхайн чиглэлээр анги, танхим, лаборатори байгуулах, мөн суралцагчдыг тогтмол дэмждэг байгууллагуудад чиглэсэн татварын урамшууллын бодлогыг системтэйгээр хэрэгжүүлэх боломжтой байж болох юм.

Байгалийн баялгаа хэрхэн ашиглах, аж ахуйн нэгжийг хэрхэн хянах бодлого иргэдээс хол, тэдний итгэлийг олж чадахгүй хэвээр байвал авлига, үл ойлголцол, эсэргүүцэл үргэлжилсээр байх нь гарцаагүй. Хэчнээн сайн бодлоготой төр, хариуцлагатай аж ахуйн нэгж байсан ч шинжлэх ухаанд суурилаагүй, зөвхөн сэтгэл хөдлөл, шүүмжлэлд тулгуурласан олон нийтийн хандлага давамгайлсан нийгэмд уул уурхайн салбарын хөгжил урагшилж, бид байгалийн баялгаасаа бодитой үр өгөөжийг хүртэх боломжгүй.

Иймээс байгалийн баялгийг хэрхэн зохистой ашиглах вэ гэх асуудал нь зөвхөн төрийн эдийн засгийн тооцоо, шинжлэх ухааны судалгаанд суурилахаас гадна иргэдийн итгэл, ойлголт, идэвхтэй оролцоог хамарсан нийгмийн шинжтэй байх ёстой. Төр нь ил тод, хариуцлагатай байж, бизнесийн байгууллагууд олон улсын стандарт, хяналтыг мөрдөн, иргэд нь аливаа асуудалд шинжлэх ухаанд суурилсан байр суурьтай ханддаг байж чадвал бид “алтан дээр суусан гуйлгачид” гэх ойлголтыг эвдэж чадна. Өөрсдийн хэр их баялагтайг ухамсарласан саруул ухаантай монголчууд дэлхийд өрсөлдөхүйц баян, хөгжингүй орны нэг болох боломж өнөөдөр ч бидний өмнө нээлттэй хэвээр байна.

Эх сурвалж

•Монгол Улсын Үндсэн Хууль (1992 он)

•Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019 он)

•Монгол Улсын Их Хурлын цахим хуудас, https://www.parliament.mn/

•Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны цахим хуудас, https://mmhi.gov.mn/

•Eagle.mn, “НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар урагшилжээ”, 2023.01.07, https://eagle.mn/r/109785

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл