Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 49 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.  “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарыг сонгож, Монгол Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуягийг тус байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Харин “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой бүрдүүлэх хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгожээ. Үүнд: 1/иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 2/аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжих боломжийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл юм. Мөн Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Үүнд:1/салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэшсэн байгууллагад шилжүүлэх хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/хүн төвтэй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрээр хүргэхийг үндсэн хэлбэр болгож, их өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, зөвшөөрлийг цахимаар олгох төрийн үйл ажиллагааг оновчлоход шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 3/бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл