“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”, “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг нэмсэн. Үүнд: 1/14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: “6.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” Мөн “14.15 дугаар зүйл.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах 1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгана.” гэсэн болно.
Түүнчлэн “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Пүрвээгийн Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очирт даалгажээ. Харин “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилж, Бядрангийн Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English