Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Б.Баярсайхан:Монгол Улс нэрийг товчилж бичихийг хориглох заалт оруулах хэрэгтэй гэсэн санал хүртэл гарч байсан
Миний хувьд харьцангуй залуу депутатын тоонд багтаж байсан боловч өөрийн багш, Хөдөлмөрийн баатар Үлэмжийн Аварзад, Цагаан-Үүрийн Баасанжав, генерал н.Пүрэвдорж зэрэг ахмад үеийнхэн, Дундговийн н.Бөхчулуун гэх мэт депутатуудтай хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнга саналаа нэгтгэн, хэн нэг нь гарч илэрхийлдэг байсан.
Бид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын бүх нутаг дэвсгэрээс ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурал, цөөн гишүүнтэй мэргэшсэн парламент болох Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай болгох чиглэлээр санал нэгтэй байж, үгээ хэлж байсан боловч, нэгэнт Улсын Бага Хурлаас боловсруулсан төслийн үзэл баримтлалтай зөрчилдөж, хэлэлцүүлж буй төслийг задлахаар байсны улмаас олонхын санал авч чаддаггүй байсан. Гэхдээ энэ санааг олон хүн дэмжиж байсан бөгөөд Үндсэн хууль батлагдсанаас хойш болсон үйл явдлууд ач холбогдлоо алдаагүйг нь харуулдаг. Нутаг дэвсгэрийн нэгж бүрээс ард түмний сор болсон хүмүүсээс, өөрсдөө нэр дэвшүүлэн сонгогдсон УИХ-тай болбол "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжих төдийгүй, гүйцэтгэх засаглал улсын хэмжээнд хэрхэн ажиллаж байгаад бүрэн хяналт тавьж, өндөр шаардлагад ажиллуулах, тэдэнтэй хариуцлага тооцох механизм бүрдэнэ гэж үзэж, олон депутат энэ асуудлаар саналаа хэлж байсан юм.
Үндсэн хууль хэлэлцэж байх үед шийдвэрлэхэд хэцүү асуудлуудтай тулгарч, тэр болгоныг тал бүрээс нь олон цагаар хэлэлцэж байж олонхын саналаар эцсийн шийдэлд хүрдэг байсан.
БНМАУ нэрийг Монгол Улс нэрээр солих асуудал хамгийн хүнд асуудлын нэг байсан. Нэрээ сольчихвол тусгаар тогтнолоо алдана гээд л зарим нь ярина. Нээрээ тэгэх юм болов уу гэж эргэлзэнэ. Монгол Улс нэрийг товчилж бичихийг хориглох заалт оруулах хэрэгтэй гэсэн санал хүртэл гарч байсан. Одоо зарим сонин, мэдээллийн хэрэгслээр улсынхаа нэрийг "МУ" улс гээд товчлоод бичсэнийг харахаар тийм заалт оруулах нь зөв байжээ гэж санагддаг.
Янз бүрийн сонин, оновчтой санаа гаргадаг депутатууд байсан. Нийслэл хотынхоо Улаанбаатар нэрийг өөрчилье гэсэн санал гарч хэлэлцэж байхад нэг депутат хэт улстөржиж байна, тэгвэл энэ асуудлыг гарган ирж дэмжиж байгаа талын депутат Улаанхүү, Хатанбаатар хоёр өөрийнхөө нэрнээс “Улаан”, “Баатар” хоёроо эхлээд хасах гэснээр энэ асуудал нэг тийш шийдэгдэж, дахин хөндөгдөөгүй санагдана.
Шийдвэрлэхэд бэрх олон асуудалтай тулгарч байснаас Үндсэн хууль хэлэлцэх үед депутатууд сэтгэл санааны хүнд дарамтад байсан. Яруу найрагч О.Дашбалбар зэрэг өдөр болгон үгээ чөлөөтэй хэлээд санаа нь амардаг хүмүүс байхад, дотроо шаналаад даралт нь ихсэх зэргээр эрүүл мэнд нь муудаж эмнэлэгт хэвтэж байсан хэсэг ч бий. Нэг нөхөр маань хуралдааны үеэр суудал дээрээ нас барж байсныг эх орныхоо сайн сайхны төлөө алтан амиа зориулсан гэхээс өөрөөр яаж ойлгох билээ.
Үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөгийн өндөрлөгөөс харахад түүгээр тунхагласан хүмүүнлэг, ардчилсан, шударга, тэгш эрхтэй нийгэм байгуулна гэснээс хүнлэг, шударга, эрх тэгш гэсэн зарчмуудыг хэрэгжүүлж чадсангүй дээ хэмээн бодогдоно. Цаашдаа хэрхэх нь монголчууд бид улсынхаа удирдлагад нийгмийн баялгаас ихийг хурааж авах сонирхолтой бус, бусдын төлөө гэх сэтгэл, цэцэн мэргэн оюун ухаантай хэсгийг сонгон гаргаж чадах эсэхээс хамаарах биз ээ.
Л.Лхагвасүрэн:Монгол Улсын парламент хууль тогтоох цаашдын ирээдүйтэй байгууллага байхыг харуулж, шинэ Үндсэн хуулиа баталсан нь түүхэн гавьяа юм
Миний бие нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд, сонгогчдын өндөр итгэл хариуцлагыг хүлээн сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн байгууллагын цөөхөн төлөөлөгчдийн нэг болж шинэ Үндсэн хуулийг батлалцахад оролцсон. Улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрх зүйн эцэг хуулийн урт хугацаатай үйлчлэх чадамж, хэв шинжийг Монголын төрт ёсны уламжлалтай хослуулан гаргахад депутатуудтайгаа хамт ажиллаж байсан нь бахархалтай. Нийгэм маань маш хүнд орчин нөхцөлтэй байлаа.
Үүнийг дурдахын учир нь улс орны маань гадаад дотоод байдал туйлын хүнд, ард түмний санаа бодол, зөрчил хямрал, нийгмийн шинэ тогтолцоонд шилжих маш их адармаатай түүхэн хөгжлийн эхлэл байсан үед Үндсэн хууль батлах үйл явц давхацсан нь онцлогтой. Энэ үед төв, хөдөөд улсын өмчийг задалж хувьчлах ажлын бэлтгэл ажлыг дутуу дулимаг хийснээс болж, эдийн засаг, нийгмийн бүх салбар мал аж ахуй, газар тариалангийн хөгжлийн явцад бий болсон өмч хөрөнгө эзэнгүйдэх ашиглаж, шамшигдуулах тонож устгах, зэрэг зохисгүй үйл ажиллагаа хаа сайгүй болж, иргэдийн өргөн хэрэглээний барааны хангалт муудаж, картын системд орж нийт иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, олон нийтийн тэмцэл, үзэл бодлоо илэрхийлэх олон хэлбэрүүд бий болж, АИХ-д төрөл бүрээр шахалт дарамт үзүүлж байлаа. Ийм хүнд хэцүү үед АИХ-ын чуулган, түүний депутатууд эрхэм зорилт, зорилгоо ухамсарлан тэвчээртэй хандаж, Үндсэн хуулийн нэр, улсын нэр, сүлд тэмдэг, засаглал хуваах эрх мэдэл иргэдийн эрх, эрх чөлөөний асуудлаар маргаан тэмцэл, хурал хаях зэрэг зарим үед хуулиа ч батлахгүйд ч хүрэх нэн ноцтой байдал удаа дараа тулгарч байсан боловч Монгол түмний уужуу тайван хүлээцтэй ханддаг ноён нуруутай байдгаа харуулж, Монгол Улсын парламентыг өндөр соёлтой бөгөөд хууль тогтоох цаашдын ирээдүйтэй байгууллага байхыг харуулж, шинэ Үндсэн хуулиа баталсан нь түүхэн гавьяа юм.
Монгол Улсын Үндсэн хууль нь нийгмийн хөгжлийн шаардлагаас шинэчлэн боловсрогдож, төрийн хийгээд намуудын удирдагчид, хуульч, эдийн засагч, түүхч эрдэмтэн мэргэд, олон мянган иргэдийн оруулсан санал санаачилгад тулгуурласан оюуны их бүтээл бөгөөд манай улсын хөгжлийн чиг хандлагын ойрын ирээдүй эцэг хууль болсон юм. Үүнд хэн ч дураараа авирлаж өөрчлөх ёсгүй.
Д.Чилхаажав: Ардчилсан хувьсгал ба Монгол Улсын Үндсэн хууль
Ардчилсан хувьсгалын эхэн үед МоАХ болон ардчилсан хүчнүүдээс БНМАУ-ын АИХ, Сайд нарын Зөвлөл, МАХН-д тавьж байсан нэг гол шаардлага бол Ардын түр хурал байгуулах асуудал байсан бөгөөд Ардын түр хурлын зорилго нь БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн зарчмыг өөрчлөн шударга, ардчилсан сонгууль явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлээд тарах ёстой байлаа. Энэ шаардлага 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд биелэгдэх нөхцөл бүрдсэн юм. 1990 оны 05 дугаар сарын 05-нд улс төрийн намууд зөвшилцөн БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ардчилсан сонгууль явуулан БНМАУ-ын АИХ, Улсын Бага Хурлыг сонгон байгуулах зарчмын асуудлаар тохиролцож протоколд гарын үсэг зурсан билээ.
1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн ІХ чуулган чуулж, дээрх протоколоор тохиролцсон зарчмуудыг баталгаажуулан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг батлан гаргасан юм.
1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгууль (можаритар системээр), Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг сонгох, сонгуулийн эхний шат болох хууль ёсоор бүртгэгдсэн улс төрийн аль намыг тухайн иргэн дэмжиж байгааг тодорхойлох зорилгоор нийт сонгогчийн санал авах ажиллагаа (пропорцианал системээр) явагдан, АИХ-ын депутатууд сонгогдож, Улсын Бага Хуралд намуудын эзлэх хувийг тогтоосон билээ. Энэ сонгуулиар би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 399 дүгээр тойргоос депутатаар сонгогдон улмаар АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар БНМАУ-ын Улсын Бага Хурлын гишүүнээр томилогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах нэн хариуцлагатай түүхэн үйл ажиллагаанд биечлэн оролцсон нь миний амьдралын бахархан дурсах хамгийн сайхан мөчүүдийн нэг юм.
1992 оны 7 дугаар сарын 1-нд би Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр БНМАУ-ын Улсын Бага Хурлаас анх удаагаа, 1998 онд Монгол Улсын Их Хурлаас хоёр дахь удаагаа томилогдон Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нэн хариуцлагатай төрийн өндөр албан тушаалыг 12 жил хашсан билээ.
АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн төслийн үг, өгүүлбэр, зүйл заалт, утга агуулга, санаа нэг бүрийг 76 хоногийн турш нягтлан шүүж, шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан бөгөөд ингэхдээ асуудал бүхэнд намын, хувийн болон аливаа нэг бүлэглэлийн эрх ашгийн үүднээс бус улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс ханддаг байсныг дурьдахгүй байхын аргагүй.
Үндсэн хуулийн нэр томьёо, зүйл, заалт бүр дээр ширүүн маргаан өрнөж, хэлэлцүүлэг олон цагаар завсарлах явдал байсан боловч эцсийн эцэст харилцан буулт хийж, тохиролцоонд хүрэн төслийн үндсэн үзэл баримтлалд харшлахгүйгээр асуудлаа шийдэж чадаж байсан нь тухайн үеийн АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс болон Улсын Бага Хурлын гишүүдийн түүхэн гавьяа гэж би үздэг.
Улсын Бага Хурлаас өргөн мэдүүлсэн төслийн нэр нь "Их цааз" гэж байсан бөгөөд зөвхөн энэ нэрийг хоёр өдрийн турш хэлэлцэн төслийн анхны хэлэлцүүлгээр “Их засаг хууль” гэж тогтсон байв. Төсөлд улсын нэрийг “Монгол Улс” гэж оруулсан бөгөөд анхдугаар хэлэлцүүлгийн дараа “Бүгд Найрамдах Монгол Улс” гэж нэрлэхээр тогтсон байлаа. Төслийн II хэлэлцүүлгийн явцад зөвшилцөн харилцан буулт хийсний үндсэн дээр хуулийн нэрийг “Монгол Улсын Үндсэн Хууль", улсын нэрийг "Монгол Улс" гэж тус тус нэрлэхээр тогтсон юм. Энэ мэтчилэн маргаантай байсан олон асуудлуудыг харилцан буулт хийх, зөвшилцөх замаар шийдвэрлэж чадсан юм. Төсөлд Монголын төрийн түүхэнд урьд өмнө байгаагүй төрийн байгууллага болох "Их цаазын цэц" гэдэг цоо шинэ байгууллага бий болгохоор тусгасан бөгөөд энэ асуудлаар хэлэлцүүлгийн явцад нэлээд маргаан өрнөсөн билээ. Зарим АИХ-ын депутатууд “өндөр эрх мэдэлтэй хэнд ч захирагддаггүй хуучны улс төрийн товчоо өөр нэрээр сэргэх гэж байна" гэх зэргээр эсэргүүцэж байсан боловч удаан хугацаанд маргалдсаны эцэст "Үндсэн хуулийн цэц" гэсэн оноосон нэр бүхий Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих эрх, үүрэг бүхий үндсэн хуулийн шүүх бий болох эрх зүйн үндэс тавигдсан билээ.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Мон
English