Цэс

Холбоо барих

Шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар эрдэмтдийн саналыг сонслоо

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос “Шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлт"-ийн талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар нээж үг хэлэхдээ, манай улсад шинжлэх ухааны салбарын харилцааг зохицуулдаг хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүргийн хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг тодотгосон юм.
Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд, Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи болон салбарын хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцлоо.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар илтгэл тавьж, санхүүжилт, судлаачдын цалин хангамж, судалгааны багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээний асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, хөгжүүлэлтийн зардал одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 0.13–0.15 хувийг эзэлж байгааг мэдээлэв. Тэрбээр 2030 он гэхэд уг үзүүлэлтийг хоёр хувьд хүргэх, дэлхийн инновацын индексийн байрлалыг 78-аас 50 болгон ахиулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэв.


Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас сүүлийн таван жилийн хугацаанд 5000 гаруй судалгаа, инновацын төслийг санхүүжүүлсэн, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Түүнчлэн төрийн болон эрдэмтдийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлыг хөндөж, цаашид шинжлэх ухааны салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьт санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл