Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2026.01.13) Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хуулийн өдрийн барилдааныг Улсын Их Хурлын удирдлагууд, 1992 онд Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүд, депутатууд үзэж сонирхов.
Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар манлайлан, үнэн хүчийг үзэн өрсөлдсөн улс, аймаг, сум, цэргийн цолтой, өндөр чансаатай бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн Буян” группын бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн компанийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарав.
Үндсэн хуулийн өдрийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдийн бай шагналыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардуулж, баяр хүргэлээ. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булган аймгийн Могод сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан М.Эрхэмбаярт хүртээснийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад энэхүү бөхийн барилдааны үеэр цол олгодог уламжлалтай. Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өмнө болсон Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 4922 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шатарчин Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ аймгийн шатарчин Ж.Пүрэвдорж /7.0/, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин /7.0/ нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгийн шатарчин А.Энхдэлгэр 8.0 оноогоор түрүүлж, Орхон аймгийн шатарчин Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан шатарчин Д.Булгантамир мөн 6.0 оноогоор гуравдугаар байрт орсон юм. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад Монгол Улсын спортын дэд мастер цол олгосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English