Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2026.01.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.
Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул байгууллагынхаа 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангийн талаар товч мэдээлэл хийхийн зэрэгцээ 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д нийт 2,067.6 тэрбум төгрөгийн 90 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас Засгийн газрын 2025 оны 144 дүгээр тогтоол, 162 дугаар тогтоолын жагсаалтад өөрчлөлт оруулан, нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл, арга хэмжээний 497 багц ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс нийт 74 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээг амжилттай байгуулсны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.
Мөн Ц.Батзул дарга танилцуулгадаа, 2026 онд нийт 197 төсөл арга хэмжээний 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнийг ангилбал, 3.0 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 71, 3-10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 87, 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 39 төсөл арга хэмжээ байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар нийт 48.1 тэрбум төгрөгийн 11 төсөл арга хэмжээний 20 багц ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврууд ирээд байгааг тэрбээр тодотгоод төрийн худалдан авах ажиллагааг 2011 оноос цахим системээр дамжуулан зохион байгуулж ирснээс хойш томоохон шинэчлэл хийгээгүй гэж байлаа. Иймд энэ жилээс цахим худалдан авах ажиллагааны системийг шинэчилж, ил тод болгох, ялангуяа төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаггүй хурдан, шуурхай болгож, хялбаршуулахад анхаарч ажиллана гэж байлаа. Мөн Худалдан авах ажиллгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаараа дэлгэрэнгүй танилцуулав.
Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байх нь чухал тул төрийн аудитын байгууллагаар адуит хийлгэх, тайлан, дүгнэлтийг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг тус газрынханд анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд та бүхэн бодлого боловсруулагч бус хэрэгжүүлэгч байгууллага гэдэг хандлагаа өөрчилж, цаашид төрийн худалдан авах үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад онцгойлон анхаарч, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээний төгсгөлд үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг онцлоод цаашдаа мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулж буйд анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English