Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.01.12-2026.01.16)

2026.01.11. “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4922 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв.

Швейцарь системээр найман өрөг тоглосон энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгарсан оролцогч Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, удаах байрт Сэлэнгэ аймгийн оролцогч Ж.Пүрэвдорж /7.0/, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Баттүвшин /7.0/ тус тус шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгаас шалгарсан оролцогч А.Энхдэлгэр 8.0 оноогоор нэгдүгээр байр, Орхон аймгаас шалгарсан оролцогч Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан оролцогч Д.Булгантамир 6.0 оноогоор  гуравдугаар байрыг эзэллээ.

Тэмцээний V-VI байрын шагналыг эрэгтэйчүүдээс нийслэлийн оролцогч Г.Цолмон-Осор /6.5 оноо/, Хэнтий аймгийн оролцогч Э.Банзрагч /6.0 оноо/, нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Ш.Энхбат /6.0 оноо/ нар, эмэгтэйчүүдээс нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Т.Ариунзаяа /5.5 оноо/, нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Г.Маралгуа /5.5 оноо/, мөн дүүргийн оролцогч  Б.Энхдэлгэр /5.5 оноо/ хүртэв.

Түүнчлэн тэмцээний эрэгтэйчүүдийн 70-аас дээш насны ангилалд Г.Оюунбаяр, 60-аас дээш насны ангилалд Ш.Ганболд, 55-аас дээш насны ангилалд А.Зоригтбаатар, чансаа нь 1700 хүртэлх онооны ангилалд Б.Оргил, чансаагүй оролцогчдын ангилалд Б.Амарзаяа, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангилалд Г.Оюунжаргал, чансаагүй оролцогчдын ангилалд Э.Болор-Эрдэнэ, Ц.Нармандах нар  тус тус тусгай шагнал хүртлээ. https://www.parliament.mn/nn/76500/ 


2026.01.12. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар 2026.01.12-ны өдөр шагнал гардууллаа. https://www.parliament.mn/nn/76502/ 


2026.01.12. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншлаа. Тэрбээр Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гэв. Түүнчлэн, хуулиас давсан дүрэм, журмуудыг засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. https://www.parliament.mn/nn/76503/ 


2026.01.12. Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дээжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардууллаа. Монгол Улсын Их Хурлаас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм. Монгол Улсад 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. https://www.parliament.mn/nn/76504/


2026.01.12. Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос “Шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлт"-ийн талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас сүүлийн таван жилийн хугацаанд 5000 гаруй судалгаа, инновацын төслийг санхүүжүүлсэн, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал шаардлагатайг энэхүү хэлэлцүүлгээр онцлов. Түүнчлэн төрийн болон эрдэмтдийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлыг хөндөж, цаашид шинжлэх ухааны салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьт санал нэгдэв. https://www.parliament.mn/nn/76513/ 


2026.01.12. “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал албан үүргээ хүлээж аваад нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийсэн талаараа танилцуулав. https://www.parliament.mn/nn/76506/ 


2026.01.13. Монгол Улсын Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” үзэсгэлэнг дэлгэлээ. Тодруулбал, Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой архивын эх баримт, Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, эд өлгийн зүйлсийг нийтэд танилцуулав. https://www.parliament.mn/nn/76509/ 


2026.01.13. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндсэн хуулийн уншлагад оюутан, сурагчид, ахмадын төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэд, багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагч нар, үйлчилгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцлоо. Эдгээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог зүйл, заалтыг үг, үсэгчлэн уншсан юм. https://www.parliament.mn/nn/76510/ 


2026.01.13. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нар хүртлээ. https://www.parliament.mn/nn/76508/ 


2026.01.13. Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдод хүндэтгэл үзүүлэв. Энэхүү арга хэмжээнд анхны Ерөнхийлөгчөө сонгож, Улсын Бага Хурлаа байгуулж, төрийн тогтолцоо байгууламжийг өөрчилж, Төрийн сүлдээ залж, нийгмийг цоо шинэ замаар замнах хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, хүний эрхийг дээдэлсэн шинэ ардчилсан Үндсэн хуулийг тогтоон баталсан Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлыг төлөөлж 80 гаруй эрхэм хүрэлцсэн ирсэн юм. https://www.parliament.mn/nn/76511/ 


2026.01.13. Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 9в ангийн багш, сурагчид, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, "Эй Жи Зэт" ХХК-ийн ажилчид зэрэг 180 хүн“Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг үзэж сонирхлоо. https://www.parliament.mn/nn/76514/ 


2026.01.13. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар манлайлан, үнэн хүчийг үзэн өрсөлдлөө. Улс, аймаг, сум, цэргийн цолтой, өндөр чансаатай бөхийн энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн Буян” группын бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн компанийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарав. https://www.parliament.mn/nn/76515/ 


2026.01.14. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарна гэв. https://www.parliament.mn/nn/76518/ 


2026.01.15. Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар энэ үеэр хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. https://www.parliament.mn/nn/76520/ 


2026.01.15. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халсан. Одоо цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байна гэв. https://www.parliament.mn/nn/76522/


2026.01.16. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцав. https://www.parliament.mn/nn/76524/


2026.01.16. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нартай уулзлаа. УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжууд, төрийн бүх шатны хүнд суртлыг арилгах зорилготой “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл болон Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлээс зорилтот ажлуудыг танилцууллаа. https://www.parliament.mn/nn/76526/


2026.01.16. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгой анхаарч ажиллана гэв. https://www.parliament.mn/nn/76533/ 


2026.01.16. Монгол Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудалд нь хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газарт ажиллав. Уулзалт, арга хэмжээг нээж, Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал нийгмийн хүлээлт, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлого, эдийн засгийн эрх чөлөө, татварын шударга, тэгш таатай орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. https://www.parliament.mn/nn/76532/


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл