Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Ө.Шижир нарын хамтаар өнөөдөр /2026.01.21/ тус Байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 17 удаа, Өргөдлийн байнгын хороотой хамтарч нэг удаа, нийт 18 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 31 асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ хугацаанд долоон хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төсөл, Байнгын хорооны тогтоолын таван төсөл хэлэлцсэнээс УИХ-ын 16 тогтоол, Байнгын хорооны таван тогтоол батлагджээ. Байнгын хорооны хуралдааны дундаж ирц 53.1 хувьтай байсан аж.
Байнгын хороонд иргэдээс найман өргөдөл ирүүлсний долоод нь хариу өгсөн аж. Аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн 61 албан бичгийг хянаж, 36-д нь хариу өгсөн гэсэн мэдээллийг тэрбээр өглөө.
Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо хоёр удаагийн тайлан, мэдээлэл сонссон бөгөөд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагаа, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Байнгын хорооны тогтоолоор хоёр ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажиллаж байгааг Ц.Сандаг-Очир дарга танилцуулсан юм.
УИХ-ын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир ахалж байгаа аж.
УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд Байнгын ихорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зохицуулалтын талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар тогтоол батлуулжээ. Мөн Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой бүрдүүлэх хүрээнд зарим хууль тогтоомжийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэх, мөн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах агуулгатай тогтоол батлуулсныг тэрбээр тодотгосон.
Түүнчлэн Байнгын хорооны дарга УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, хаврын чуулганаар хийх УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолууд, албан тушаалтнуудын томилгоо, Байнгын хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой тогтоолуудын талаар мэдээлэл өгсөн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гурван дэд хороо ажиллаж байгаа юм.
Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллаж буй бөгөөд намрын чуулганы хугацаанд ёс зүйн хариуцлагатай холбоотой ногдуулах асуудлаар нэг удаа хуралдаж, ёс зүйн хариуцлагатай холбоотой асуудлаар долоон өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгч шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн даргалж буй бөгөөд намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс өөрийн халдашгүй байдалтай холбогдуулан ирүүлсэн болон бусад байгууллагаас ирүүлсэн нийт 13 албан бичгийг судлан шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.
Бүсчилсэн хөгжлийн дэд хороо Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрхэн туссан, 2024, 2025 оны улсын төсөвт туссан ажлууд, Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Нийслэл Улаанбаатар хот болон бусад зургаан бүсэд хийгдэж байгаа ажлын явц, цаашид хийгдэх ажлын талаар, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын уялдааны холбогдох лавлагаа гарган ажиллажээ.
Мэдээллийн төгсгөлд УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн хууль тогтоомжийн талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English