Цэс

Холбоо барих

Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ



Дорнод аймгийн Хэрлэн сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн гурван байранд орон нутгийн нийт 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт гар урлал, эсгий ноосон эдлэлээс эхлээд хүнс, гоо сайхан, кофе шоп, хоолны үйлчилгээгээ өргөжүүлж, хилийн чанадад ажиллаж байсан туршлагадаа суурилан ноу-хау шингээсэн бизнесээ ч эндээс эхлүүлжээ.



Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн дарамт хамгийн том бэрхшээл байдаг. Дорнод аймгийн бизнес эрхлэгчид энэхүү инкубатор төвд уян хатан нөхцөлтэйгөөр хоёр жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж болохоос гадна сургалт зохион байгуулж, орлогоо төрөлжүүлэх боломжтой гэж байв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жилд дунджаар 4-5 удаагийн үзэсгэлэн, худалдаа, 30 гаруй удаагийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг аж. Түүнчлэн эндээс гарсан бойжигчдын 80 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байна. Бичил бизнес эрхлэгчдийн зүгээс энэ удаагийн парламент бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж, дүрэм журмыг цөөлж, хүнд суртал бүхий үе шатуудыг арилгаж байгааг сайшааж байв. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын бодлогоор дэмжихийг хүсэж, энэ мэтчилэн инкубатор төвүүдийг орон нутгийн түвшинд олноор байгуулж өгөхийг хүслээ.




Улсын Их Хурлын дарга энэ үеэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчлаад үйлчилгээ, худалдааны салбараа орхигдуулж болохгүйг онцлов. Тэрбээр, орлогоо төрөлжүүлж, бизнесээ эхлүүлэх эрмэлзэлтэй хүн бүрд төр дарамт биш боломж олгож, хязгаарлахгүйгээр чөлөөлөх ёстойг дурдлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах цогц ажлууд багтсан. Эдгээр ажил иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж, аливаа худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлөөс эхлээд бүх шатны хүнд суртлаас чөлөөлөх зорилготойг онцоллоо. Нутгийнхаа брэндүүдийг төрөлжүүлэн таниулж, эдийн засгийн бодит өгөөжийг бүс нутагтаа төвлөрүүлж буй нийт аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Улсын Их Хурлын дарга амжилт хүсээд, аймгийн удирдлагуудад мөн талархал дэвшүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл