Цэс

Холбоо барих

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна


Улсын Их Хурлын дарга Н.Учрал ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ иргэдийн санал, бодлыг тусгах зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын хамтаар (2026.01.22) Дорнод аймагт ажиллаж байна.



Өнөөдөр Хэрлэн сумын иргэдтэй уулзаж, монгол хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс салж, хүнд суртлын гох дэгээг тайлахаар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлснээ Улсын Их Хурлын дарга танилцуулав. Энэхүү санаачилга нь Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн төлөө эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө болохыг тэрбээр онцоллоо. Энэ хүрээнд иргэний эдийн засгийн эрх чөлөөг боомилсон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцэлж, төрийн хүнд суртал, шат дамжлага, элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байгаа аж. Төрийн хэт оролцоо нь эдийн засгийн хүндрэлийн шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрч, бизнес эрхлэгч, баялагч бүтээгчид, хууль тогтоогчид хамтдаа эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж ажиллах ёстой гэв.



Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу баримтлах ёстойг Н.Учрал дарга тэмдэглээд, үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэв. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос бус өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл, ашиг орлого булаагч биш гэдгийг хэллээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том “чөлөөлөлт”-ийн нэг байх болно хэмээсэн.


Тэрбээр иргэн, бизнес эрхлэгч хэн бүхэн илүү сайхан амьдрах хүслийг нь аливаа хяслаас чөлөөлөх, жам ёсны заяамал эрхээ баталгаатай эдлэхийн төлөө “Чөлөөлье” санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэл төгс байгаагаа Улсын Их Хурлын дарга хэллээ.

Зүүн бүсийн аймгууд боомт-тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон бол Дорнод аймгийн тухайд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог онцлогтойг дурдав. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, Улсын Их Хурал, Засгийн газраас бодлогын арга хэмжээ авч, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлж, 1.3 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 112 аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн 375.8 тэрбум төгрөг, 50 аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын 107.6 тэрбум төгрөг нийт 162 аж ахуйн нэгжид 483.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа аж.



Намрын ээлжит чуулганы хугацаанд шинэ цаглавраар батлагдсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал тодотгов. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 30 хувь хүртэл бууруулснаар татварын реформ хийх орон зайг гаргасан бөгөөд бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжийг бодитоор дэмжих боломж бүрдсэнийг дурдав. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хууль нь хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллахыг чухалчиллаа.





Дорнод аймгийн иргэдийн хувьд өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлүүдээс эхлээд сум, орон нутгийн хэмжээнд хүлээгдэж буй ажлууд, тулгамдсан асуудлуудаа нээлттэй тавьлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг иргэд хэлж, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт хариуцлага тооцдог, ил тод мэдээлдэг байх шаардлагыг дэвшүүлсэн. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг дэмжих, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг орон нутагт нь нэмэгдүүлэх, хяналтыг чангатгах зэрэг санал хэлж байв. Дорнод аймгийнхны хувьд боловсролын салбарт хийгдэх ёстой хэд хэдэн ажлыг онцолсны дотор орчин үеийн номын сантай болох, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны хэрэглээг дэмжих, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх, бүс нутагтаа Кембриджийн хөтөлбөртэй анхны сургууль байгуулах зэрэг санал байлаа.






Мөн соёл, спорт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж, төмөр замын тээврийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор анхаарч, дэмжиж өгөхийг уламжиллаа. Олон нийтийг соён гэгээрүүлэх, зөвхөн академик биш зүрх сэтгэлийн боловсрол олгоход анхаарах ёстой талаар дурдаж байв. Мөн малчид бэлчээрийн мал аж ахуйг өвлөн үргэлжлүүлэх залуу халаа улам бүр цөөрч байгаад эмзэглэж явдгаа илэрхийлсэн юм.





Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, ил тод байдал, нээлттэй үйл ажиллагааг хууль тогтоох дээд байгууллагаас эхлэх ёстой хэмээгээд “Парламент бол хууль баталдаг болохоос хулгайчдыг төрүүлдэг газар биш” хэмээн тодотгов. Ард түмний хяналт бодитоор хэрэгжсэн цагт ил тод байдал хангагдана гэдгийг онцлоод, уул уурхайн аливаа үйл ажиллагааны аль ч шатанд нутгийн иргэдээс нууж хаах зүйл байх ёсгүй гэлээ. Иймд иргэдийн хяналтыг баталгаажуулж, эдийн засгийн өгөөж нь төсөл хэрэгжсэн тухайн газраа үлдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ хүрээнд төсвийн сахилга бат, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцүүлэхээс гадна эрх мэдлийг орон нутагт шилжүүлж иргэдийн эрх, эрх чөлөөг бүх шатанд баталгаажуулах шинэчлэлийг  эхлүүлсэн талаар тодотголоо.

Иргэдийн асуултад зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон аймгийн удирдлагууд хариулт өгсөн юм. Өрх бүлээ тэжээн, аж амьдралаа сайжруулахаар хичээж буй ард иргэдэд дарамт биш боломж өгдөг, хүнд суртлаа халж эдийн засгийн эрх чөлөөг олгох “Чөлөөлье” санаачилгыг зүүн бүсээс сонгогдсон гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ш.Бямбасүрэн болон Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, аймгийн удирдлагууд дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл