Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо бие даасан ес, Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарсан нэг хуралдаан хийж, нийт 19 асуудал хэлэлцжээ. Үүнд хуулийн хоёр, Улсын Их Хурлын тогтоолын нэг, Байнгын хорооны тогтоолын дөрвөн төсөл, нийтийн гурван өргөдлийг хэлэлцсэн байна.
Тус Байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийн гурав, анхны хэлэлцүүлгийн дөрөв, нийт долоон санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын 50 томьёолол бэлтгэж холбогдох Байнгын хороонд хүргүүлжээ.
Хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд Байнгын хороо ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уян хатан болгох асуудал болон нийтийн өргөдөл гомдлын системээр иргэдээс ирсэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал, мөн Улсын Их Хурлын гишүүний тэтгэмжтэй холбоотой асуудлуудаар дөрвөн ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд нийт 11 удаа хуралджээ.
Нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим системээр Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс нийт 153 нийтийн өргөдөл ирүүлснийг хууль тогтоомжийн дагуу хянаж, 30 өргөдлийг иргэдээс санал авахаар системд нийтэлжээ. Тэдгээрээс иргэн О.Батхүүгийн “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” хуулийн төсөл санаачлах, иргэн Б.Номингийн “Эмч, багш нарын цалинг нэмэх” асуудлаар ажлын хэсэг байгуулах, иргэн Ц.Батболдийн “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэж заасныг хүчингүй болгох” тухай хуулийн төсөл санаачлах тухай өргөдлүүд хуульд заасан тооны иргэдийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Мөн Байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тойм мэдээллийг 14 хоног тутам бэлтгэн, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл болон Байнгын хорооны гишүүдэд хүргүүлэн ажиллажээ.
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж, санал, дүгнэлтээ Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд ахмад настны тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр заасан байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанк болон арилжааны банкны төлөөлөлтэй ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах, хугацааг уян хатан болгох асуудлаар уулзалт хийж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг тэдэнд уламжлан, 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, сар бүрийн төлбөрийн ачааллыг бууруулах боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөсөн юм. Үүний дагуу Монголбанкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөцөөс хасаж тооцох, уг зээлийн хугацааг 36 сар хүртэл нэг удаа сунгаж, сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан банканд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүй байх, мөн тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг 150 хувиар тогтоогоод байсныг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлээд байна.
Өргөдлийн байнгын хороонд иргэдээс 96 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, 59 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 68 албан бичиг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан, 23 албан бичигт хариу өгсөн байна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт хандан 62, удирдлагыг нь Улсын Их Хурлаас томилдог байгууллагуудад 69, нийт 131 өргөдөл, гомдол ирүүлснээс 41 өргөдөл, гомдлын хариуг өгч, 90 өргөдөл, гомдлыг бүртгэн холбогдох албан тушаалтанд уламжилжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English