2026.01.20. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа. Тус компани нь нийтдээ 53184 ширхэг нарны дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна. Төслийн онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. https://www.parliament.mn/nn/76559/
2026.01.20. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох мэдээллийг сонсож, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах талаар санал солилцов. https://www.parliament.mn/nn/76562/
2026.01.21. Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яамдын удирдлагуудаас улс орны эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар сонслоо. Энэ үеэрээ үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх, төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо. https://www.parliament.mn/nn/76567/
2026.01.22. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд зүүн бүсийн аймгуудад ажиллалаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна. https://www.parliament.mn/nn/76571/
2026.01.22. Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ. Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар “Тамын 50 км”, “Гунигийн 30 км” авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ. https://www.parliament.mn/nn/76574/
2026.01.22. Дорнод аймгийн Хэрлэн сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн гурван байранд орон нутгийн нийт 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт гар урлал, эсгий ноосон эдлэлээс эхлээд хүнс, гоо сайхан, кофе шоп, хоолны үйлчилгээгээ өргөжүүлж, хилийн чанадад ажиллаж байсан туршлагадаа суурилан ноу-хау шингээсэн бизнесээ ч эндээс эхлүүлжээ. https://www.parliament.mn/nn/76577/
2026.01.22. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзаж, монгол хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс салж, хүнд суртлын гох дэгээг тайлахаар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлснээ танилцуулав. Дорнод аймгийн иргэдийн хувьд өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлүүдээс эхлээд сум, орон нутгийн хэмжээнд хүлээгдэж буй ажлууд, тулгамдсан асуудлуудаа нээлттэй тавьлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг иргэд хэлж, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт хариуцлага тооцдог, ил тод мэдээлдэг байх шаардлагыг дэвшүүлсэн. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг дэмжих, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг орон нутагт нь нэмэгдүүлэх, хяналтыг чангатгах зэрэг санал хэлж байв. https://www.parliament.mn/nn/76578/
2026.01.23. Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов. https://www.parliament.mn/nn/76583/
2026.01.22. Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ. https://www.parliament.mn/nn/76582/
2026.01.23. Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд энэ долоо хоногт 606 иргэн оролцжээ. https://www.parliament.mn/nn/76585/
Мон
English