Цэс

Холбоо барих

“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн орон нутгийн томилолт Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжууд, парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулахаар өнөөдөр (2026.01.23) Баруун-Урт сумын иргэдтэй уулзлаа. 

Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга бол Үндсэн хуульд заасан иргэний 59, эдийн засгийн 24, улс төрийн 14 эрхийг иргэддээ баталгаатай эдлүүлэх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Юун түрүүнд эдийн засаг дахь төрийн оролцоог буруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс Улсын Их Хурлын дарга дурдлаа. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиудыг өргөн барьж, энэ оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буйг танилцуулав.

Орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлүүдийн хүрээнд хэд хэдэн санаачилгыг дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга хэллээ. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээж, эдийн засгийн өгөөжийг бүс нутгийнхан нь хүртдэг болно гэсэн юм. Мөн аймаг, сумдын төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтооход Сангийн яам оролцохгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймаг бие даан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх чөлөөг баталгаажуулсан гэдгийг дурдлаа. Эрчим хүчний хараат байдлыг бууруулах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 3х100 хөтөлбөрийг санаачлан Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлуулж, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах багц арга хэмжээний хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газарт чиглэл өгсөн талаараа тодотголоо. 

Иргэн аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг бичиг цаас, шат дамжлагыг цөөлж, хүнд суртлаас чөлөөлж байгааг тэрбээр хэлэв. Малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тэдний залгамж халааг бэлтгэх, нүүдлийн өв соёлоо хамгаалах зорилгоор “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг санаачилж байгаагаа мөн танилцууллаа.

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж, уламжлалт ахуй соёлоо хадгалан, газар нутгаа сахин хамгаалж буй малчид төрийн бодлогын цөмд зайлшгүй байх ёстойг Улсын Их Хурлын дарга онцлов. Малчдад чиглэсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан, холбогдох харилцааг зохицуулсан хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна гэдгийг дурдаж, залуу малчдыг дэмжиж, залгамж халааг тэлэхэд анхаарах, удам дамжсан малчин айл өрх, өв тээгчдийг үндэсний хэмжээд нэгдсэн бодлогоор дэмжих ажлыг өөрийн биеэр манлайлж хэрэгжүүлнэ гэж тодотгов. Үүнд малчин зон олон өөрсдөө идэвх оролцоотой, өргөн цар хүрээтэй оролцож хэвшихийг уриаллаа. 

Малчид арьс шир, ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүнээ татваргүйгээр экспортолж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсныг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталснаар малчид өөрсдөө экспортлогч болох эрх зүйн боломжийг нээсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Евразийн бүс нутгийн улсууд руу гурван жилийн хугацаанд мах, махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноос ноолууран бүтээгдэхүүнээс 204 төрлийн бараа, хөдөө аж ахуйн бусад нэрийн 65 төрлийн барааг тус тус татваргүй экспортлох юм. Цаашид бүсчилсэн загвараар ложистикийн төв байгуулж, экспортыг нэгдсэн зохион байгуулалтаар дэмжиж ажиллана гэдгээ Улсын Их Хурлын дарга илэрхийлэв. 

Энэ мэтчилэн малчдад орлогоо төрөлжүүлэх гарцыг нь нээж өгснөөр шимт сүргийнхээ өгөөжийг илүү нэмэгдүүлж, үр шимийг нь хүртэх бүрэн боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Нарлаг монголын малчин хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулж, байгалиа хамгаалах замаар орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг малчдад санал болгож байгаа талаар Улсын Их Хурлын дарга тодотгон танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх бөгөөд эхний ээлжинд өрхийн хэрэглээндээ нарны хавтан, батарейн системийг хялбар, шууд ашиглах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн гэдгийг тэрбээр дурдав.

Уулзалтад оролцсон иргэд Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг анхаарч, тэтгэвэрт гарсны дараах олон талт оролцоог нь дэмжиж, нийгмийн баталгааг сайжруулж өгөхийг хүслээ. Мөн төрийн албаны хэмнэлт нэрийн дор цомхотгол хийж, үр дүнгүй бүтэц, хууль зөрчсөн томилгоонууд орон нутагт даамжирсан талаар учирлаж байв. Төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн асуудлыг ч хөндөж, хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэх ёстойг сануулж байлаа. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхай, газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлж, дулааны станцын өргөтгөлийн ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд гацсаныг шүүмжлэв. Сүхбаатарчууд Бичигтийн боомт хүртэлх авто замын ажил эхэлснийг сайшаагаад, боомтын үйл ажиллагаа, орчин нөхцөлийг сайжруулахыг хүслээ. 

Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Нарлаг Монголын малчин” санаачилга малчдын асуудлыг цогцоор нь шийдэх бодит шийдэл болоосой хэмээн хүлээж байгаагаа уулзалтын үеэр иргэд илэрхийлж, өөрийн биеэр манлайлж ажиллаж байгаад талархал дэвшүүлэв. Бизнес эрхлэгчид аливаа бараа бүтээгдэхүүний үнийг захиргаадан барих, квот тогтоох зэргээр оролцдог байдлаасаа төр татгалзахыг уриалж, “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, хот руу чиглэсэн их урсгалыг сааруулахын тулд үйлдвэржилтийн бодлогыг тууштай дэмжих ёстой гэдэгтэй иргэд санал нэгдэж байв. Иргэдийн асуултад Улсын Их Хурлын дарга, зүүн бүсээс сонгогдсон гишүүд, мөн аймгийн удирдлагууд хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл