Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан.
Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах; энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай.
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг баталж, хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхой болгож, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Дээрх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан.
Тус хууль батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлэх зэрэг нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English