Цэс

Холбоо барих

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2, 4, 31, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид өнөөдөр (2026.01.28) Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.


Сурагчид Төрийн есөн хөлт их цагаан тугт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа авхуулахын зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим, Төрийн ордон дахь урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхов.



Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл явц, парламентын үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ онд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог илүү боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаар болсныг тэмдэглээд өөрийн ахлан ажиллаж буй зарим хуулийн төслийн талаар танилцуулав.



Уулзалтын үеэр өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, хэрэглээг бууруулах, тамхигүй, хорт зуршилгүй сургуулийн орчныг бүрдүүлэх талаар санал  солилцож, сурагчдын байр суурь, санаачилгыг сонслоо.


Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах  өнөөдрийн аялалд 5 аж ахуй нэгж, байгууллагын 170 иргэн оролцлоо. Тухайлбал, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Сүхбаатар дүүргийн иргэд, ахлах ангийн сурагчид болон Социал демократ залуучуудын академийн сургагч багш нар Төрийн ордонд зочиллоо.



Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос эхлэн иргэд, зочид, төлөөлөгчдийг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулж байгаа билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл