Цэс

Холбоо барих

Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын энэ оны 28 дугаар захирамжаар байгуулагдсан эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2026.01.29) боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг нар биеэр, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, А.Ундраа, Г.Очирбат, Б.Заяабал, Ч.Анар нар онлайнаар оролцов.

Ажлын хэсгийн удирдамжийг хэлэлцээд, түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж ажиллах, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчин, төрийн оролцоо, татварын болон бусад дарамтын талаар судлах, дүгнэлт гаргах үүрэгтэй дэд ажлын хэсгүүдийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, зөвлөлийн гишүүд, тэдгээрийн ажлын албадын төлөөлөл оролцуулан байгуулж ажиллуулах шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр, манай улс Үндсэн хуулиараа мал сүргээ төрийн хамгаалалтад авсан хэрнээ хүнээ хэрхэн хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг ямар хэмжээнд хангаж байгаа маань ихээхэн эргэлзээтэй болсон гэсэн байр сууриа илэрхийлж, төрийн хүнд суртал, лиценз зөвшөөрлөөр хяхан боогдуулах, татвар, төлбөрөөр дарамт шахалт учруулах явдал хэрээс хэтэрсэн гэдгийг дурдсан юм. Иймд Ажлын хэсэг эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөлд төрийн оролцооны зааг хязгаарыг тогтоох, хүнд суртал, зөвшөөрлийг цөөлж багасгах, иргэдийн бизнес эрхлэхэд саад бэрхшээл болж буй хууль, журам дүрмийг цуцлах, шинээр батлахгүй байх зэрэг харилцааг нэн тэргүүнд тусгах ёстой гэлээ.

Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг мөн хуулийн төсөл боловсруулж буй юм. Эдгээр төслүүдийг нэгтгэж, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлэг, зөвлөл болон салбарын бизнес эрхлэгчид, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон бусад мэргэжлийн холбоодын саналыг нэгтгэн, үндэсний зөвшилцлөөр энэ хуулийг батлах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжид учруулж буй татварын дарамт их байх тусам төсөв томорч, тэр хэрээр эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байдгийг шүүмжлэн, эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг халамжаас хөдөлмөрт зэрэг төрийн бодлого, төсвийн хэрэгжилттэй уялдуулах учиртайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл энэ талаарх олон улсын индексээр манай улс хангалтгүй дүнтэй явж буйг танилцуулж, хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахад бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртал, дарамт шахалт зэргээс гадна төсвийн сахилга бат гэх мэт олон асуудлыг уялдуулах шаардлага бийг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан тус бүлгээс боловсруулж буй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг МҮХАҮТ, AmCham зэрэг танхимууд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүдээр хэлэлцүүлээд байгааг танилцууллаа. Мөн Засгийн газраас өргөн барьсан болон өөрсдийн боловсруулж буй төслүүдийн харьцуулсан судалгааг хийжээ. Эдгээр хэлэлцүүлэг, судалгааны явцад бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн байгааг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат анхааруулж, ажлын хэсэг хурдтай ажиллаж, хуулийн төслийг яаравчлан боловсруулах шаардлага тулгамдаж буйг хэлэв.

Хуулийн төслүүдийг нэгтгэх талаар ажлын хэсэг нягт нямбай ажиллаж, болохгүй бол аль аль төслийн гол зохицуулалтыг авч, гурав дахь буюу дундын хувилбарыг боловсруулж ажиллах шаардлага гарч болзошгүйг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг дурдаад, хүчин төгөлдөр байгаа хууль, тогтоомжууд дахь иргэний болон эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтуудыг судалж илрүүлэх, хүчингүй болгох асуудал ажлын хэсгийн томоохон зорилт болохыг онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа өмчийн харилцаанд хувийн өмч эрх зүйн давамгай нөхцөлтэй байх ёстой гэсэн Үндэсний эвслийн байр суурийг сануулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцаанд гэхэд төр давамгайлсан бус хувийн хэвшил давамгайлсан зохицуулалттай байх ёстой гэсэн юм. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүдийн саналыг ажлын хэсгийн удирдамжид тусгаж баталъя гэсэн горимын саналыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан гаргаж, дэд ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулахаар тогтлоо. Ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар Засгийн газрын болон АН-ын бүлгийн боловсруулсан хуулийн төслүүдийн танилцуулга, тэдгээрийн харьцуулсан судалгаа, мөн “Тус солюшн” судалгааны байгууллагын хийсэн эдийн засаг, бизнес дэх төрийн оролцооны талаарх судалгааны дүгнэлтийг сонсож хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл