Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллаар 2026 оны 01 дүгээр сард 1653 иргэн Төрийн ордонд зочилжээ.
1653 иргэний 231 нь нийслэлийн, 1124 буюу 68 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аяллаар нийслэл, орон нутгийн 273 багш, сурагчид хамрагджээ. БНХАУ, БНСУ, Хонконг зэрэг улсын 25 зочин, төлөөлөгч, иргэд хамрагдсан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2, 4, 31, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хүлээн авч уулзсан юм. Тэрбээр, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, хэрэглээг бууруулах, тамхигүй, хорт зуршилгүй сургуулийн орчныг бүрдүүлэх зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 78 гишүүн санаачлан, хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн электрон тамхи хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, хорт зуршилд хөтөлж байгаа талаар багш, сурагчидтай санал солилцсон.
Төрийн ордонд 01 дүгээр сард зочилсон иргэдийн хамгийн өндөр настай нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.Балбармаа байлаа. Эдүгээ 90 насыг зооглож буй тэрбээр Төрийн ордноор үр, ач нарын хамт зочилсон.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд парламентат ёс, хууль тогтоох үйл явцын талаарх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэдлэг, чадвартай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд чиглэдэг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид идэвхтэй хамрагддаг юм.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн “Мэдэгтүн, сахигтун” үзэл санааг түгээн дэлгэрүүлж монгол хүн бүр Үндсэн хуулийнхаа утга учир, үнэт зүйлсийг нь ойлгосон Үндсэн хуулийн боловсролтой иргэн байх зорилтыг хэрэгжүүлж байна. Төрийн ордонд зочилсон хүн бүр Монгол Улсын Үндсэн хууль болон парламентат ёс, Төрийн ордны талаар бусад гарын авлага, материалыг авах, танилцах боломжтой юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журамд заасны дагуу иргэд гэр бүлээрээ, анги хамт олноороо, байгууллагаараа Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English