Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт Өвөрхангай аймагт үргэлжилж байна.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.1 их наяд төгрөг бөгөөд бүтцийн хувьд хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар зонхилон бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар 19 сум, 112 багт нийт 115 мянга орчим хүн аж төрж байна.
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн Арвайхээр суманд иргэдтэй уулзаж, орон нутагт чиглэсэн бодлого, “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилтийн хүрээнд нээлттэй ярилцлаа. “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөхөөс гадна хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Парламентаас баталсан хууль төрийн эрх мэдлийг бататгах биш, иргэний эрх ашгийг хамгаалах ёстойг тэмдэглээд энэ хүрээнд 2026 оны төсвийн тухай хуулиар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, татварын реформын орон зайг бүрдүүлснээс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор дэмжихэд чиглэсэн гэв.
Төсвийн төслийг анх удаа эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүтцийг цомхотгох, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн тэлэх орон зайг нээхэд чухал түлхэц болсон гэлээ.
Түүнчлэн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчилж, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөө шийдвэрлэх эрхийг баталгаажуулсан онцлогтойг дурдав. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хууль журмын давхардал, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшилтэй нь чөлөөлөх энэхүү санаачилгын хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан талаараа танилцууллаа. Цаашлаад Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн баталснаар бизнесийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн тодотголоо.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг эрх зүйн орчноор баталгаажуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь “Чөлөөлье” санаачилгын бас нэгэн зорилт болохыг онцоллоо. Тэрбээр, парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн талаараа тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хүний эрх, хүүхдийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй хуулийн төслийг боловсруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстойг чухалчлав.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсныг дуулгалаа. Нар, салхины арвин нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүчингүй болгож байгааг мэдэгдлээ.
Өвөрхангай аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсныг орон нутгийнхан хэлж, өрхийн хэрэглээнд ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Аймгууд эрчим хүчний хэрэглээгээ бие даан хангах бодит шийдэл нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэдэгтэй санал нэгтэй байлаа. Эцэст нь, хөдөө орон нутгийг дэмжих бодлого бүхэлдээ иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстойг УИХ-ын дарга Н.Учрал тодотгоод аймаг, сумандаа ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг эрх зүйн иж бүрэн шийдлээр дэмжиж ажиллахаа хэллээ.
Иргэдийн зүгээс тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын шинэчлэлийг хөндөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгааг шүүмжлэв. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх нэгдсэн бодлого дутагдсанаас болж хүн амын дунд архины хэрэглээ их байгааг ч хөндлөө.
Өвөрхангай аймагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй барих шаардлагатайг онцолж, төсвийн хөрөнгө оруулалтаар архивын байрыг шинэчлэх ажилд анхаарч өгөхийг хүслээ. Төрийн албаны тухай, Мэргэжлийн холбоодын тухай гэхчилэн зарим хууль, тогтоомжуудын хэрэгжилт сул байгаагаас улбаалж хүний эрхийн зөрчил үүсэж байгааг иргэд дэвшүүлэв. Аймаг, орон нутгийн анхан шатанд бугшсан авлигатай тэмцэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг ч захиж байлаа.
Түүнчлэн мал эмнэлэг, ус цаг уур, соёлын салбарт тулгамдаж буй асуудлаар нээлттэй асуулаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар болон Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нар холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын хангайн бүсийн томилолт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English