Цэс

Холбоо барих

Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлоход тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бөгөөд ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бүс нутгийн интеграцид нэгдэх, гадаад худалдааны зах зээлийг тэлэх, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох юм.

Монгол Улс тус хэлэлцээрийн хүрээнд дотоодын түүхий эдэд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн барааг экспортлосноор дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөгдөх, гаалийн тарифын бус хөнгөлөлт эдэлнэ. Мөн Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох бараа нь аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмж, ган төмөр, хийц, хүнд машин механизм зэрэг манай улсад үйлдвэрлэдэггүй барааг үйлдвэрлэлийн зориулалтаар, хямд өртгөөр авна. Хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох зохицуулалттай.


Манай улсын хувьд Ази, Номхон далайн зарим улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулсан ч бусад улстай харьцуулахад хамгийн цөөн гэрээ байгуулсан орны тоонд багтдаг бөгөөд энэ нь далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд хоёр улсын хооронд байрладгаас шалтгаалдаг аж.

Худалдааны хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдад тогтвортой, шууд хөрөнгө оруулалт татах нөхцөл, боломж бүрдэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл