Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 11Б анги, Сонгинохайрхан дүүргийн 141 дүгээр сургуулийн 7Е ангийн сурагчид нийгмийн ухааны хичээлийн хүрээнд өнөөдөр (2026.02.03) Төрийн ордонд зочилж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд оролцлоо.
Сурагчид Төрийн есөн хөлт их цагаан тугт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа авхуулсны зэрэгцээ Төрийн бэлгэ тэмдгийн талаар мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцан, Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн талаарх видео контентыг үзэж, нийгмийн ухааны хичээлийн мэдлэгээ бататгав.
Хүүхэд, залууст парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаар системтэй, зөв ойлголт өгч, оролцоотой, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангиас дээш ангийн сурагчид анги, хамт олноороо Төрийн ордонд зочилж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэх боломжтой юм.
Өнөөдөр нийт 6 байгууллагын 131 иргэн Төрийн ордонд зочиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English