Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ж.Цэнд-Аюушийнх нарны хавтангаар хэрэглээний цахилгаан, дулаан бүрэн шийдсэнээс хойш эрүүл, аюулгүй орчинд өнтэй дулаахан өвөлжиж байна. Өдрийн цагаар нарнаас авсан эрчим хүчээ батарей хураагууртаа нөөцөлж, оройн оргил ачаалын үеэр ашигладаг учраас төвийн эрчим хүчний системд дарамт үүсгэхгүйгээс гадна цаг хугацаа болоод зардлын хувьд эрс хэмнэлттэй шийдэл болсныг хэлж байв. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн. Улмаар өрхийн хэрэглээний 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг төвийн шугамд холбоход 9-15 шат дамжлагатай байсныг цэгцэлж, нэг жил саатдаг хүнд суртлыг арилгажээ. Яг энэ жишгээр Чингэлтэй дүүргийн 83 айл, өрх нүүрс түлэхгүйгээр, нарны илчээр цахилгаан, дулаанаа шийдэж, илүү гарсан эрчим хүчнээсээ орлого олох боломжтой болсон байна.
УИХ-ын дарга Н.Учрал “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г төр, хувийн хэвшил, салбарынхны оролцоонд тулгуурлан орон даяар хэрэгжүүлж, өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын түвшинд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн 12 дугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм. Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс 2026 оноос эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 68 айл, өрхөд нарны хавтан, батарейн системийг нэг техникийн нөхцөлтэйгөөр суурилуулж, төвийн шугамд холбох ажлыг эхлүүлээд байсан бол өнөөдрийн байдлаар ногоон эрчим хүч рүү шилжсэн айлууд 83 болж өргөжжээ.
Ийнхүү төвийн эрчим хүчнээс хамааралгүй болсноор сар тутам дүүргээс төлөгддөг байсан цахилгааны төлбөрөө 80 хувь хэмнэж байгааг сургуулийнхан хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн 51 байгууллага яг энэ жишгээр ногоон эрчим хүч рүү шилжихэд нийт 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх юм байна. Цаашид айл өрх болон орон нутгийн түвшинд тогтоолын хэрэгжилтийг хангуулж, холбогдох эрх зүйн орчноор баталгаажуулж ажиллана гэдгээ УИХ-ын дарга тодотгосон юм. Түүнчлэн ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрх, албан байгууллагуудын тоон мэдээлэл, холбогдох судалгаанд суурилан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг эрэлхийлж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English