Цэс

Холбоо барих

Өндөр түвшний хэлэлцүүлэг сэргээгдэх эрчим хүчний нийгэм, эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн сэдвээр үргэлжлэв

Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг үдээс хойш Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрчим хүчний манлайлагч хөтөлбөр”-ийг нутагшуулж буй, тус хөтөлбөрийн төгсөгч Б.Амар, Ш.Мөнганшагай нарын “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй Монголд” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ. 

Дэлхийн нийт түлшний нөөц одоогийн тогтоогдсон байдлаар нүүрсний 115 жилийн, байгалийн хий, шингэн түлшний тус бүр 50 жилийн хэрэглээг хангах хэмжээтэй байна. Харин Монгол Улсын тогтоогдсон нийт түлшний нөөц 315 жилийн хэрэглээг хангахаар байгаа тухай Ш.Мөнганшагай илтгэлдээ онцолж, шавхагдах нөөцийн харьцангуй бага нөөцтэй үлдсэн дэлхий нийт эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах асуудалд онцгойлон анхаарал хандуулж байгааг танилцуулсан юм. Манай улсад суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нийт хүчин чадлын 18.9 хувийг эзэлж буй бөгөөд 2030 онд 30 хувьд хүрэх зорилттой. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх замаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн (ХХ) ялгарлыг 2,968.7 мянган тCO-экв-ээр бууруулах зорилтыг манай улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-тээ тусгасан бөгөөд одоогоор энэ хэмжээ 1,582.6 мянган тCO-экв байгааг Ш.Мөнганшагай илтгэлдээ дурдлаа.

Дараа нь Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Рэндолф Коппа Монгол Улсын гэр хорооллын нарны цахилгаан халаалтыг хөгжүүлэх ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг талаар илтгэв. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний зуулийн санхүүжилт болон үйлдвэрлэсэн эрчим хүчнээсээ төвийн нэгдсэн системд борлуулах шийдлийг онцлон дурдсан юм. Түлшний хэмнэлт, карбон кредит буюу нүүрстөрөгчийн хэмжээг бууруулсны урамшууллын болон цахилгаанаасаа төвийн сүлжээнд борлуулсны орлого нь гэр хорооллын иргэдийн Энэ зорилтыг хэрэгжүүлэхийнг тулд хувийн хэвшлийн хөрөнгийг дайчлах, арилжааны банкуудын  зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, баталгаа гаргах болон орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтыг энэ зорилтод чиглүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг авах шаардлагатайг тэрбээр дурдаж, хэрэв гэр хорооллын 270,000 өрх бүгд нарны эрчим хүч хэрэглэж эхэлбэл энэ нь 400 МВт-ын цахилгаан станц 70 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаатай тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэнэ гэдгийг жишээлэн тооцоолов.

Хэлэлцүүлгийн дөрөв дэх салбар хэлэлцүүлэг Нийгэм-эдийн засаг, эрүүл мэндийн нөлөөлөл сэдвээр үргэлжилсэн юм. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн сайжруулахад ямар нөлөө үзүүлэх талаар хөндсөн энэ хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Чимгүүндарь чиглүүлж, НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал М. Болдоо, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч P. Ганжуур, Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Энхүүн нар оролцсон юм. Нар, салхины эрчим хүчний технологи, техникийн нөхцөл, инновацт, санхүүжилтийн асуудлыг түлхүү хөндсөн хэлэлцүүлгийн энэ хэсэгт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахын ач холбогдол, тэр дундаа иргэд, айл өрхийн амьжиргааны чанар, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг олон талын судалгаа, тооцооллоор дурдаж, улмаар эдийн засгийн болон өрхийн санхүү, ядуурлын бууруулах зэрэг олон талын өгөөжтэйг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчлан тэмдэглэсэн юм. Хамгийн гол нь цэвэр эрчим хүчний асуудлаар нийгмийн зөвшилцөлд хүрч, бүх түвшинд итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагтайг онцолж байлаа.

Тав дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсүмбэрэл чиглүүлж явуулсан бөгөөд цахилгаан тээврийн хэрэгсэл, түүний дэд бүтцийг хөгжүүлэх тухай асуудлыг тойрогн ярьсан энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, MMS Engineering ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Гантүлхүүр, Монголын цэвэр тээвэр суурь бүтцийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э. Солонго нар оролцлоо. Аялал жуулчлалын салбарт сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар баримтлах бодлого, стандарт, боломж бололцооны тухай газрын дарга В.Батчимэг мэдээлэл өгсөн бол энэ талаар Улсын Их Хурлын 119 дүгээр тогтоолд туссан чиглэлүүдийг хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн боломж, хувийн хэвшилд бизнесийн орон зай олгох, түүнийг тэлэх бодлогын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэхдээ холбогдох стандарт, шаардлагыг чанд баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүхий л талаар дэмжиж ажиллах учиртайг чухалчилж, ногоон дээврийн хэрэгслийг дэмжсэн эрх йзүн болон зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлага байгааг дурлдаж байв. Мөн цэнэглэх дэд бүтцийг хүчин чадлын зохих шаардлагад нийцүүлж бий болгохын зэрэгцээ дагалдаг үйлчилгээг хүртээмжтэй хөгжүүлэх ёстой гэдгийг дурдсан юм. Тээврийн салбарыг бүхэлд нь цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжүүлэх боломжтой бөгөөд энэ нь олон давуу талтайг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэгжүүлэх зэрэг бодлогын зохицуулалтыг харилцан уялдаатайгаар бүрдүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Ногоон эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх олон талт түншлэлийг бэхжүүлэх талаарх хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа үг хэлэв. Хэлэлцүүлгээр шатахууны болон цахилгаан эрчим хүчний хүрэлцээ, хангамжтай холбоотой буюу сүүлийн үед хомсдол үүсэж, ихээхэн тулгамдсан бэрхшээл болоод байгаа чухал асуудлуудыг хөндсөн гэдгийг тэрбээр онцолж, энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад бодлогын түвшний зорилт, бодит хэрэгжилт, шийдэл, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нэг дор хамтатган авч үзсэн өндөр ач холбогдолтой хэлэлцүүлэг болсныг тэмдэглэв. Эрчим хүчний болон газрын тосны хараат байдлыг одоо бууруулах дотоодын эх үүсвэрийг төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, бодлого, стратегийг тууштай хэрэгжүүлэх урт хугацааны бодлогын зорилт чухал байгааг тэрбээр онцолж, энэхүү шилжилт зөвхөн технологийн шинэчлэлээр хэмжигдэхгүй, хууль эрх зүйн бодлого, шийдэл, санхүүжилт, хүний нөөц, орон нутгийн оролцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагаа гээд бүхэл цогц үйл ажиллагаанаас хамаарна гэдгийг хэлэлцүүлгийн дүгнэлт болгон дурдав. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зургаан аймгийн удирдлага Эрчим хүчнхий яамтай хамтран ажиллах баримт бичгийг үзэглэсэн нь өнөөдрийн арга хэмжээний нэг чухал үр дүн болж буйг тэрбээр онцолж, Улсын Их Хурлын өмнө хууль тогтоомжуудыг уялдуулан нэгтгэх, харилцан нийцлийг хангах, шаардлагагүй хууль тогтоомжийг хүчингүй болгох, элдэв хязгаарлалт тогтоож байгаа дүрэм журмыг өөрчлөх, уян хатан болгох, илүү их эрх, боломжийг орон нутагт, хувийн хэвшилд олгох зайлшгүй шаардлага, үүрэг хариуцлага үлдэж байгааг хэллээ. Энэ талаар Улсын Их Хурлын бусад гишүүдтэй хамтран идэвхтэй, санал санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл