Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг нээлээ. Нээлтэд хэлсэн үгэндээ, Улсын Их Хурал монгол хүний эрх, эрх чөлөөг хангах талаар бодлого шийдвэр гаргах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ирснийг тодотгосон.
Мөн, Улсын Их Хурлын даргаар хоёр сар гаруйн өмнө сонгогдсон өдрөөсөө эхлэн иргэний эрх чөлөөг баталгаажуулах, тэр дундаа хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тууштай ажиллахаа мэдэгдэн, 2026 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласнаа илэрхийлж, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буй нь хүүхдийн эрхийн бодлогыг төр өнөөдөр чанарын ямар түвшинд авч явж байгаагийн хэмжүүр болно гэж парламентын даргын хувиар цохон тэмдэглэлэлээ. Тус хүндэтгэлийн хуралд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо... https://www.parliament.mn/nn/76635/
Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж, тус хуралд Монгол Улсын Их Хурлаас очсон Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Олон Улсын Парламентын холбооны тус Хорооны гишүүдийг хүний эрхийн мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог, арван гишүүнтэй ажилладаг юм... https://www.parliament.mn/nn/76644/
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгынхаа хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн айл өрхүүдээр явж, хэрэглээний цахилгаан, дулааны эх үүсвэрээ нарны хавтангаар хэрхэн шийдсэнийг үзэж, сонирхлоо. Энэ оноос эхлэн, эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 68 айл, өрхөд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбожээ. Өнөөдрийн байдлаар ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрхийн тоо 83 болж нэмэгдээд байгаа юм байна. Мөн энэ өдөр Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд очиж, 72 нарны хавтанг сургуулийнхаа дээвэр дээрээ суурилуулан эрчим хүчний хэрэглээгээ бие даан үйлдвэрлэгч болсон үйл явцтай танилцсан.
Дээрх жишгээр тус дүүргийн төрийн 51 байгууллага эрчим хүчний хэрэглээгээ шийдэхэд 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх бөгөөд цаашид ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрх, албан байгууллагуудын тоон мэдээлэл, холбогдох судалгаанд суурилан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг эрэлхийлж байгаагаа Улсын Их Хурлын дарга иргэдтэй уулзахдаа хэлэв. Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дагалдан ажиллалаа... https://www.parliament.mn/nn/76642/
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирээд буй тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа. Тус олон улсын бага хурал манай улсад ирэх наймдугаар сард болно. Монгол Улсын цөлжилттэй тэмцэх идэвх санаачилгыг хатагтай Ясмин Фуад сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буйд талархахын зэрэгцээ бага хурлыг Монгол Улсын иргэдэд бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/76646/
Энэ өдөр мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын хамт Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа. ОТП банкны зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтойгоо илэрхийлж буй юм. Улсын Их Хурлын дарга энэ уулзалтаар банкны салбарынхаа реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхийг зарчмын хувьд дэмжихээ илэрхийлсэн... https://www.parliament.mn/nn/76648/
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг нарыг тус бүрд нь хүлээн авч уулзлаа. Уулзалтуудынхаа үеэр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д хөрөнгө оруулалтын хөтөлбөр туссан, энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
Түүнчлэн, парламентын даргаар сонгогдоод иргэн хүн эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт бус боломж олгох шинэчлэлийг хийхээр “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлснээ танилцуулсан юм.
Элчин сайдуудын зүгээс гададын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн эрх зүйн орчны шинэчлэлийн талаар таатай мэдээлэл дуулгасанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ “Чөлөөлье” санаачилгаар дамжуулан ногоон эрчим хүчний шилжилтийг эхлүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшинд нэмэгдүүлэх зорилтот ажлуудыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг түншлэлийг идэвхжүүлэхтэй холбоотой өөрийн орны санаачилгуудаас дурьдлаа... https://www.parliament.mn/nn/76649/, https://www.parliament.mn/nn/76649/, https://www.parliament.mn/nn/76651/, https://www.parliament.mn/nn/76652/
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, хуримтлуулах систем, дижиталчлах шийдлүүдийг хөгжүүлэх талаар хэрхэн түншилж ажиллах тухайгаа талууд Төрийн ордонд хэлэлцлээ.
Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, ногоон эрчим хүч, санхүүжилтийн өсөлтөөс Монгол Улс хоцрох ёсгүйг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр мөн, дэлхийн хөгжлийн чиг хандлага ногоон санхүүжилт рүү чиглэж, манай улсын эдийн засгийн гол түншүүд, хөрш орнууд ногоон шилжилтүүдээ төлөвлөн хэрэгжүүлж эхэлснийг дурьдаад, ногоон шилжилтэд бэлэн байх шаардлагад нийцүүлэн “Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д ногоон эдийн засгийг дэмжиж, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтууд тусгагдсаныг танилцууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матильда Димовска, Улсын Их Хурлаас батлан гаргасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэхтэй холбоотой тогтоол бол түүхэн шийдвэр гэдгийг онцолж, эрчим хүчний шинэчлэлийн төвд айл өрх, олон нийтийн тавьж, цэвэр эрчим хүчийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримталж буй нь чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн. Өндөр түвшний энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Анар, Ж.Золжаргал, Н.Батсүмбэрэл, Д.Үүрийнтуяа болон сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийг дэмждэг, олон талын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр тэргүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд өндөр үүрэгтэй оролцсон юм... https://www.parliament.mn/nn/76659/, https://www.parliament.mn/nn/76663/
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхийг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ... https://www.parliament.mn/nn/76655/
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор боловсруулсан хуулийн төслийг илүү боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар санал солилцсон... https://www.parliament.mn/nn/76661/
Мөн энэ өдөр Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, П.Ганзориг, Х.Ганхуяг, Д.Пүрэвдаваа, Д.Энхтуяа нар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хуралдлаа. Хуралдаанаар шинээр баригдаж буй хотхон, хорооллын төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийг заавал тусгах заалт болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцов... https://www.parliament.mn/nn/76662/
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аялал болон “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалыг зохион байгуулдаг. Тус аяллыг энэ долоо хоногт нийт 17 удаа төлөвлөн зохион байгуулж, 468 хүн хамрагдлаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 7е анги, 62 дугаар сургуулийн 11б анги, Дархан-Уул аймгийн Дархан сумын “Цайхун” сургуулийн 9а, 10а, 11а, 12а ангийн багш, сурагчид болон хилийн чанадад суралцахаар явах гэж буй хүүхэд залуус, Япон Улсаас ирсэн сайн дурын ажилтнууд, сар шинийн өмнө цагаан идээгээ борлуулахаар нийслэлийг зорьж ирсэн Архангай аймгийн Тариат сумын малчид зэрэг нийгмийн бүлгийн төлөөллүүд хамрагдсан аялалуудад оролцогчид Төрийн ордонтой танилцсанаар монгол хүн гэдгээрээ улам их бахархаж буйгаа илэрхийлсэн. Мөн, парламентын танхим, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг бодитоор нь харж, танилцахад цаанаасаа сүрдмээр мэдрэмж төрсөн тухай сэтгэгдлээ хуваалцсан билээ... https://www.parliament.mn/nn/76645/, https://www.parliament.mn/nn/76641/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Мон
English