Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажиллалаа.
Энэ үеэрээ тус сургуулийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, багш ажилчид болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг сонслоо. Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль 1978 оноос үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд 3644 сурагчтай хичээллэж байна. Бага анги 42-44 сурагчтай бол ахлах анги 39 сурагчтайгаар хичээллэж байна. Хүүхэд хамгааллын асуудлаар ажлын хэсэг байгуулж, менежменттэйгээр ажилласны үр дүнд тодорхой ахиц гарсан талаараа сургуулийн захирал Л.Цэнгэлмаа танилцууллаа. Мөн тэрбээр хүний нөөц, багшийн хомсдолоос үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч буй талаар дурдав.
Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 27 нийт 54 сургууль үйл ажиллагаа эрхэлж байна. Үндсэн 2471 багштай. Хоёрдугаар сургуулийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын хорооны дундаж оноо огцом өсөж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлдэг гэдгийг онцлон дурдлаа. Мөн хамран сургах болон, зарим сургуулийн барилга байгууламжийн талаар мэдээлэл хүргэв.
УИХ-ын гишүүн А.Ундраа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн орох гарах гарц болон тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, боловсон хүчний хүрэлцээ муу байгааг дурдав. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчны дотоод агаарын чанарын асуудал, анги танхимын засварын дараах будгийн үнэр, барилгын материалын чанарт онцгой анхаарах нь зүйтэй гэв. Барилгын норм, дүрэм, стандартад өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд байгааг мөн дурдлаа.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлах ангийн сурагчидтай уулзан мэргэжил сонголтын талаар болон сургуулийн орчинд тулгамдаж буй асуудал, сургалтын талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд сурагчид анги танхимын хүрэлцээ, ширээ сандал, техник хэрэгслийн дутагдал, спорт заалны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English