Цэс

Холбоо барих

Хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна

Парламентат ёсыг дээдэлж, хууль тогтоох соёлыг төлөвшүүлэхэд “амьдрах чадвартай” сайн хууль боловсруулах, чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх нь чухал юм. Хуулийн төсөл боловсруулах нь нэг хүний бус нэжгээд олуулаа, нийтээр хэлэлцүүлэн байж, тогтолцоогоор сэтгэж өргөн хүрээнд төлөвлөх инженерчлэлийн ажилд ёс зүйн өндөр төлөвшил, мэргэшил шаардана гэдгийг сургалтаар онцолж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Монголын хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтын онцлог, ач холбогдлын талаар багш, оролцогчдоос тодрууллаа.



Монголын хуульчдын холбооны гишүүн, сургагч багш, УИХТГ-ын Хуралдаан зохион байгуулах газрын дарга Г.Агар-Эрдэнэ: - Хүний эрхийн онол, зарчмын үүднээс авч үзвэл хуулийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай эдлүүлэхийн тулд парламент баталдаг. Парламентын батлах хууль энэ утгаараа хүний эрхийн олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэж байх учиртай юм. Монгол Улс хүний эрхийн суурь олон улсын гэрээ, конвенцуудын дийлэнхэд нь нэгдэж орсон бөгөөд үндэснийхээ хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсний хувьд хуулийн төсөл боловсруулагч нь эдгээр олон улсын гэрээний үндсэн агуулгыг зөв ойлгон хэрэгжүүлж, аливаа хуулийн төслийг боловсруулахдаа баримтлах зарчмаа болгох ёстой.

Иймд энэ жилийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн агуулга буюу хүний эрхийн олон улсын гэрээг хуулийн практикт хэрэглэх, хууль тогтоомжийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлыг Монгол Улсын нэгдэн орсон гэрээнүүдийн үүднээс үнэлэх зэрэг онол, түүх, практикийн шинжтэй сэдвийг нэмсэнээрээ сургалтын ач холбогдлыг улам ахиуллаа гэж үзэж байна.



Монголын Хуульчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Одонтунгалаг: - Энэ сургалтад хоёр дахь өдрөө сууж байна. Хуульч, өмгөөлөгч бидний хувьд ихээхэн ач холбогдолтой, асуудлыг олон талаас авч судалсан, ёстой л “чих онгойсон” сургалт юм. Оюутан ахуйдаа үзсэн эрх зүйн онолоо эргэн санаж, хуулийн төсөл, зүйл заалт бүрээр задалж, хэрхэн дүн шинжилгээ хийн, цаашид хэрхэн ажиллах, дэлхий нийтийн эрх зүйн чиг хандлага, онол, практик, мэргэжлийн зарчмуудыг ой тойнд ортол сануулж, мэдүүлсэн арга хэмжээ боллоо. Хичээл зааж байгаа хууль зүйн ухааны доктор, багш нар нь чансаа өндөртэй, мэдлэг мэдээлэл сайтай учраас оролцогчдыг улам хичээхэд хүргэж буй нь илэрхий юм.



Сонгуулийн Ерөнхий хорооны Хуулийн газрын референт Ш.Эрдэнэбат: - Хууль боловсруулахдаа Үндсэн хуулийн зарчмаа баримталж, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнүүдийг хэрэглээндээ нэвтрүүлэх, хуульчийн ёс зүйн дүрэм, наад захын шалгуур үзүүлэлтүүдээ эргэн санаж, асуудлыг өргөн цар хүрээнд тооцож, төлөвлөх шаардлагатайг заасан. Манай хуулийн салбарын доктор, судлаачид лекц уншлаа. Цаашид ажил хэрэг болгохуйц олон шинэ санаа, хуулийн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх, эцсийн үр дүн зэргийн уялдаа холбоог логиктойгоор хөтөлбөрт тусган хичээллэх нь үр дүнтэй юм байна. Өнөөдөр хууль боловсруулахад, хэрэгжүүлэхэд, хяналт тавихад өөрсдөө оролцдог, судалдаг төлөөллүүд нь өөрсдөө хичээлийг хөтлөн явуулж буй учраас нэлээд бодитой, хэлэлцүүлгийн шинжтэй өрнөсөн. Товчхондоо олон талын уялдаа холбоо, талуудыг байлцуулж, оролцуулснаараа тухайн хуулийн төсөл чамбайрна гэдгийг сургалтаас ойлгож авлаа.



УИХТГ-ын Хяналт, шалгалтын газрын референт Д.Мөнхтуяа: - Өмнөх сургалтуудын үр дүн, ач холбогдлын тухай сонсоод энэ сургалтад суух юм сан гэсэн бодол төрж байсан. Гэтэл энэ удаа надад боломж олдлоо. Үүнд манай газрынхан ч баяр хүргэж, амжилт хүссэн. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахад итгэл төгс, мэргэжлийн түвшинд ажиллах бололцоо үүслээ. Сургалтын явцаас ажиглахад, хүлээлтээс өндөр байна. Хөтөлбөрөө бүрэн хэмжээнд боловсруулжээ. Өчигдөр хичээл заасан эрдэмтэн багш нарын бэлтгэл, зааж байгаа арга барил өгөөжтэй, өндөр түвшнийх санагдсан. Өдөр тутмын ажилд шууд нөлөөтэй, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. 



Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Эрдэнэсамбуу: - Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын оролцогч болж, суралцах нь завшаантай хэрэг юм. Хөтөлбөрийн хувьд агуулга, бүтэц нь нэлээд системтэй, дадлагад тулгуурлажээ. Өчигдөр гэхэд дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд 20 хичээл судаллаа. Багш нар нь өөрсдөө туршлагатай, судлаачид голдуу докторууд учраас практик талаасаа ч, онолын хувьд ч үр дүнтэй, ач холбогдолтой байхаас аргагүй юм байна.



УИХТГ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн сургалт хариуцсан референт Р.Өнөрсайхан: Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн хөгжлийг дэмжих суурь сургалт болон төлөвшөөд байна. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг Монгол Улсын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд профессор, гавьяат хуульч Л.Өлзийсайхан санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны сургалтыг 2023 онд зохион байгуулсан. Түүнээс хойш сургалт тогтмолжиж, 2026 онд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд Парламентын сургалтын долоон чиглэл бүхий цогц хөтөлбөрийн хүрээнд баталсан “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болон хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм. Сургалт бүхэлдээ хуулийн төсөл боловсруулах онол, арга зүй, хууль зүйн техник, практик хэрэглээг уялдуулсан агуулгатай бөгөөд хүний эрхийн олон улсын гэрээ, хүний эрхэд суурилсан хандлага, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээ зэрэг асуудлыг хамруулдгаараа онцлог юм. Агуулгын хувьд төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэсэн, хэрэгжих боломжтой, чанартай хууль тогтоомж боловсруулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад хуулийн төсөл боловсруулах болон уг үйл ажиллагаанд шууд оролцдог чиг үүрэг бүхий төрийн байгууллагын эрхзүйч, хуульч, мэргэжилтнүүдийг хамруулдаг. Энэхүү сургалт нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн чанар, хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах, хууль боловсруулах үйл явцыг нэгдсэн арга зүй, хууль зүйн техник бичих чадавх, хүний эрхэд нийцсэн хандлагад тулгуурлан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.



Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Уянга: - УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн 2026 оны захирамжаар Ажлын хэсэг байгуулж, сургалтын бэлтгэл ажлыг сар гаруйн хугацаанд хангаж ажиллалаа. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөрийг Монголын Хуульчдын холбоо магадлан итгэмжилсэн. Энэ удаагийн сургалт бол анхан шатных. Нийтдээ 170 орчим боловсон хүчин бэлтгэгдсэн байгаа. Одоо явуулж байгаа сургалтын ирц, оролцоо, шалгуур үзүүлэлтийг чанд мөрдөж, оролцогчдод кредит цаг олгоно. Агуулгын хувьд шинэчлэн баяжуулж, сургагч багш нараа мэргэшүүлж, олон улсын түвшинд байлгахад түлхүү анхаарсан.


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл