Хэрэгжүүлэх нөөцөө тооцохгүй, олон хууль санаачлан батлах нь иргэдийн амьдралд хор уршиг ихтэйг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын үеэр Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сануулсан юм. Тухайлбал, эдийн засгийн тооцоолол хийхгүйгээр баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байдаг талаар тэрбээр жишээ татан онцолсон. Үүнээс улбаалан манай улсад хуулийн “зуд” нүүрлэж, хэрэгжих нь хомсдох шалтгаан үүссэн нь хууль дээдлэх үзэл, зарчим, үнэт зүйлд хохирол учруулж байна гэв. Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлагчдын “... эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн нэмэлтийг оруулсан. Хуулийн эцсийн зорилго нь хүн бус хууль засаглахад оршдог гэж “Хууль зүйн техник” гарын авлагыг боловсруулсан Н.Лүндэндорж доктор хичээлээ заасан. Энэхүү сургалтын гарын авлагыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан хянан тохиолдуулж, хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, зарчмууд, гэрээний хэрэглээг нэвтрүүлэх арга зүйгээр нэмж баяжуулжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд Тохирсон байх зарчмыг хангасан эсэхэд үнэлгээ хийх шинэ шаардлага бий болсон. Бүх хуулийн төсөлд хүний эрхийн үнэлгээ хийснээр иргэдийн эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж, Үндсэн хуулийн хяналтыг давж чадахуйц үндэслэл, нотолгоотой, чанартай хууль бүтээх суурь бий болох учиртай хэмээн профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдэвт хичээлийнхээ үеэр тодотгож байлаа.
УИХ-ын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран 2026 оны 02 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын дөрөв дэх өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Мөнхсайхан “Хуульд тавих техникийн шаардлага” сэдвийн хүрээнд “Фуллерийн” гэх зарчмуудын онол, арга зүйг зааж, оролцогчид дадлага ажил хийлээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Амарсанаа, тус сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) С.Батбаяр “Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецептийг ашиглах арга зүй” сэдвээр харьцуулсан эрх зүй, олон улсын сайн туршлага, онол, аргачлал, хууль зүйн шинэчлэлийн бодлогыг хөндөн лекц уншиж, дадлагажууллаа.
Магадлан итгэмжлэл бүхий сургалтаар өнөөдөр (2026.02.13) үдээс хойш “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” хичээлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Баасандорж, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Т.Золбоо илтгэл танилцуулах юм.
Сургалтад амжилттай оролцогчдод гэрчилгээ гардуулж, кредит цаг тооцно. Энэ удаагийн сургалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Үндэсний аудитын газар, Шүүхийн сахилгын ерөнхий зөвлөл, 15 яам, Монголын хуульчдын холбоо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг 30 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөл хамрагдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English