Парламентын шинэчлэлийн хүрээнд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дөрвөн өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.02.13) өндөрлөлөө. Сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Герман, Европын эрх зүйн төв үр дүнгээ хэлэлцэн дүгнэлээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан уг сургалтыг дүгнэж, үг хэлэхдээ, бид хамтдаа хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд маш чухал алхам хийлээ. Сургалтын хугацаанд Та бүхэнд 3 сэдвээр хичээл зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, практик туршлагаа хуваалцсан учраас цаашид анхаарах асуудлаар цөөн үг хэлье. Бид цаашид анхаарах гурван чухал асуудал бий. Нэгд, энэ сургалтаас олж авсан мэдлэгээ бодит байдал, хууль тогтоомжийн төсөл дээр хэрэгжүүлцгээе. Хоёрт, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, нөлөөллийн үнэлгээ, үндэслэл, нотолгоог чанаржуулцгаая. Чанартай хууль чанартай төслөөс л бий болно. Гуравт, Энэ сургалт бол нэг удаагийн арга хэмжээ биш, харин парламентын шинэчлэлийн нэг хэсэг юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх, чадавхжуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан суралцах боломжийг өргөжүүлэхэд онцгойлон анхаарах болно гэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт 30 жил ажиллаж, хуулийн төсөл боловсруулах арга, ажиллагаанд мэргэшсэн, туршлагатай хуульч, УИХТГ-ын Хуулийн газрын ахлах зөвлөх Д.Энхгэрэлийн анхны ном “Хуулийн төсөл боловсруулахад тавих нийтлэг шаардлага, анхаарах асуудал” хялбаршуулсан гарын авлагыг онцлон танилцуулж, оролцогчдод гардууллаа.
Харин Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хууль эрх зүйн салбарын хөгжилд нэмэртэй төдийгүй асуудлыг олон талаас харж, шийдвэрлэхэд үр дүнтэй хэмээн тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоотой хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэн, кредит цаг тооцох, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажилласаар ирсэн нь чухал гэв.
МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн баяжуулж, оролцогчдынхоо хүрээг тэлж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан нь үр өгөөжийг дээшлүүллээ гэсэн бол сургагч багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, цагаа олсон сургалт учраас бодит үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Мөн Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж хамгийн анх хууль зүйн техник, хуулийн төсөл боловсруулах арга зүйн хичээлийг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгуулж, багшлах боловсон хүчин цөөн байсан учраас саяхныг хүртэл өөрөө лекцээ уншсаар ирсэн тухайгаа дурсав. Тэрбээр жил ирэх тусам хуулийн төсөл боловсруулагчид нэмэгдэж байгаад олзуурхаж байлаа.
Харин сургалтад оролцогчид мэдлэг чадвартай багш нар бодит амьдрал, туршлагадаа тулгуурласан үнэтэй мэдээлэл өгч, дадлага хийлгэн хичээлээ заасан нь сэтгэлд тод үлдэж, цаашдын ажилд томоохон туршлага, сургамж өглөө хэмээн дүгнэсэн.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа
Сургалтыг үнэлж, дүгнэсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хууль бүтээх ажиллагааны онол, арга зүйг заасан эрдэмтэн, багш нар болон оролцогчдод баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр, энэ удаагийн сургалтад оролцогчдын 70 орчим хувь нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яам, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудаас оролцжээ. Ялангуяа Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслийн ихэнхийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг тул яамдын төлөөллийг бүрэн хамруулах бодлого барьж ажилласан гэдгийг онцолж байлаа. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт нь Улсын Их Хурлаас хуулийн чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй шинэтгэлийн нэг чухал алхам гээд, сайн хууль санамсаргүй төрдөггүй, судалгаанаас эхэлдэг гэдгийг оролцогчдод сануулж байлаа. Тэрбээр, Сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Сайн хууль үзэл баримтлал сайтай, зөв найруулга, бүтэцтэй, зөв уялдаа холбоотой, давхардал, хийдэлгүй байхыг шаарддаг. Ийм хууль хуулийн төсөл боловсруулагчдын оюун сэтгэлгээ, ур ухаан, нарийн мэдлэг, мэдрэмж, хичээл зүтгэлээс төрөн гарна гэдгийг онцгойлон анхааруулсан.
Парламентын хувьд хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх бодлого нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг УИХ-ын дарга дурдаад, чанартай хууль батлахын тулд сайн төсөл, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Тэрхүү мэргэшсэн хүний нөөцийн цөм хэсэг болж буй та бүхэн цаашид боловсруулж буй хуулийн төслийнхөө цаана буй агуулга, хүн, зохицуулалт, нийгмийг мэдэрч, албан тушаалтанд хязгааргүй эрх мэдэл, ард түмэнд чөдөр тушаа бий болгож болохгүйг анхаарч ажиллахыг захилаа.
УИХ-ын дарга Н.Учрал цаашид хуулийн төсөл боловсруулагчдыг үе шаттай мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдээд, хуулийн системчлэл, уялдаа холбоог хангах, хууль хэрэгждэг байхад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээлээ.
Мөн тэрбээр, тарламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын туршлагад тулгуурлан уг сургалтыг олон улсын хөтөлбөр болгон өргөжүүлэхээр УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан анхаарч ажиллаж байгааг тодотгоод, парламент чанартай хууль бүтээдэг байх ёстой. Үүнд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл чухал ач холбогдолтой гэлээ.
Төгсгөлд нь Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад хичээл заасан багш нарт батламж, төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English