Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг боловсрол, шинжлэх ухааны асуудлаар хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.02.13/ хуралдлаа.


Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах удирдан чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ч.Анар, Ж.Золжаргал, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар оролцов. Хуралдааны эхэнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал боловсролыг дэмжих жилийн хүрээнд тавьсан зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ, багш нарын цалингийн нэмэгдлийн талаар танилцууллаа.


Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026-2027 онд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр, 2027-2028 оны хичээлийн жилд суурь, бүрэн, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Ингэхдээ англи хэл, компьютер, хос хэлний чадварыг эзэмшүүлж, тохируулгат орчныг бүрдүүлэхээс гадна төрөлжсөн ахлах сургуулиудыг бий болгохын зэрэгцээ хүүхэд хамгааллын ажлыг сайжруулна гэлээ.

Мөн энэ онд хүүхдийн тооны өсөлттэй уялдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 90 барилга шинээр ашиглалтад оруулна гэв. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар санал гарч, дэмжигдсэн бөгөөд энэ дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал болон хөрөнгийн зардалд зохицуулалт хийж, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн талаар мөн танилцууллаа.


Үүний дараа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Д.Оюунаа бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр, сурах бичиг, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хавсралтаар “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл- 2 дахь нэмэлт” 130 сая ам.долларын санхүүжилтийн талаар тус тус мэдээлэл хүргэв.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Д.Оюунаа хүний эрхэд суурилсан хандлага дадалтай иргэнийг бий болгохын тулд бага наснаас нь хүний эрхийн ямар чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай талаар Хүний эрхийн үндэсний комисстой хэд хэдэн зөвлөлдөх уулзалт хийсэн. Мөн эрүүл дадал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр салбарын яамдуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Сургалтын арга зүйн асуудал дээр сургуулийн өмнөх боловсролоос нэгдүгээр анги, 5-6 дугаар ангид ордог шилжилтүүдийг хүүхдэд ачаалал өгөхгүй байдлаар зохицуулсан гэв. Өмнө нь хэвлэгдсэн сурах бичгүүдэд агуулгын хувьд олон асуудал бий тул засч, сайжруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн хөгжлийн судалгаагаар хүүхдийн анхаарал төвлөрөл богинохон болсныг тэрбээр онцлон дурдаж, анхаарал төвлөрөлийг дэмжих чиглэлээр нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадварыг дэмжих, өөрийгөө танихад чиглэсэн үйл ажиллагааг хичээлд тусгахаар зохицуулсан байна.


Тус танилцуулгын дараа Сангийн яамнаас мэдээлэл өгч, гишүүд дээрх танилцуулгуудын хүрээнд асуулт асууж, хариулт авлаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролыг дэмжих жилийн хүрээнд салбарын уялдаа холбоог сайжруулж, цаашид хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл