Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.02.09-02.13)

ДАВАА ГАРАГ 


    Улсын Их Хурлын дарга Н.Учрал "Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар үйл ажиллагааны явцын талаар мэдээллийг нь сонсож, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлон, авлига, хүнд суртал үүсгэж буй хуулиас давсан дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэл өглөө... https://www.parliament.mn/nn/76667/

 

 

МЯГМАР ГАРАГ


    Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нар Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажиллаж, тулгамдаж буй асуудалтай танилцахын зэрэгцээ ахлах ангийн сурагчидтай уулзан мэргэжил сонголт, сургалтын талаар ярилцав... https://www.parliament.mn/nn/76674/

 

 

МЯГМАР, ЛХАГВА, ПҮРЭВ ГАРАГ



    Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа эхний өдөр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзахдаа Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав. Мөн, Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны хэлэлцээ хийхдээ хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. 

    Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан хуралдаан, форум, бизнес хэлэлцүүлгээр хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76670/, https://www.parliament.mn/nn/76671/, https://www.parliament.mn/nn/76675/, https://www.parliament.mn/nn/76676/, https://www.parliament.mn/nn/76680/https://www.parliament.mn/nn/76682/, https://www.parliament.mn/nn/76684/, https://www.parliament.mn/nn/76685/, https://www.parliament.mn/nn/76686/, https://www.parliament.mn/nn/76687/

 


МЯГМАР, ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН ГАРАГ



    Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Үндэсний аудитын газар, Шүүхийн сахилгын ерөнхий зөвлөл, 15 яам, Монголын хуульчдын холбоо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг 30 гаруй байгууллагын албан хаагчид хамрагдан, хуулийн төсөл боловсруулагчаар бэлтгэгдсэн. 

    Сургалтын эхний хичээлийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир” сэдвээр заасан бол хууль зүйн салбарын эрдэмтэн, докторууд цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заалаа. Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчдод гэрчилгээ, батламж гардуулав... https://www.parliament.mn/nn/76673/, https://www.parliament.mn/nn/76681/, https://www.parliament.mn/nn/76691/, https://www.parliament.mn/nn/76696/

 

 

ЛХАГВА ГАРАГ


    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахим уулзалт хийхдээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс парламентын бүлэг хоорондын харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзлэлтэйгээ тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76683/


 

БААСАН ГАРАГ


    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар шинжлэх ухааны салбарын байгууллагуудад ажиллаж, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт болон салбарын тулгамдсан асуудлаар салбарын судлаачид, эрдэмтэн багш нартай уулзлаа... https://www.parliament.mn/nn/76693/

    Улсын Их Хурлын Тамгын газраас XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, нийгмийн шилжилтийн адармаатай цаг, амаргүй сорилтыг ажил, амьдралаараа даван туулж, өнөөгийн ардчилсан нийгмийн эрх зүйн суурь үндсийг тавилцахад бодитой хувь нэмрээ оруулсан нэгэн үеийнхний төлөөлөл болсон төрийн албаны хүндтэй эрхмүүд, шинэ цагийн парламентын 35 жилийн түүхийг бүтээгчид, амьд архив болсон жинхэнэ гэрчүүд гэж онцоллоо... https://www.parliament.mn/nn/76695/

    Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар багш нарын цалингийн нэмэгдэл зэрэг асуудлаар салбарын яамны мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсролыг дэмжих жилийн хүрээнд салбарын уялдаа холбоог сайжруулж, цаашид хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурьдлаа... https://www.parliament.mn/nn/76697/

 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл