Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар 2016 оноос хойшхи эдийн засаг, бизнес, банк санхүүгийн бодлогын сургамж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль тогтоомжийн талаар Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг, хөгжлийн яамнаас тодруулав.
Макро эдийн засгийн төлөв ба хэрэглээний зээлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа танилцууллаа. Тэрбээр ургац хураалт муу байснаар дотоодын хүнсний үнэ өсөх, мах махан бүтээгдэхүүн улирлын хандлагаа даган буураагүй зэрэг асуудлаас үүдэн инфляц өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдэх төсөөлөлтэй байна гэлээ. Түүнчлэн, багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь зардлын сувгаар дамжин үйлчилгээ, хүнсний бус инфляцийг нэмэгдүүлэхээр байна. Цаашид цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэж, зуд тохиох, шатахууны нийлүүлэлт доголдох зэрэг нийлүүлэлтийн шинжтэй инфляцын дарамт нэмэгдэх, мега төслүүдийг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эрэлтийн шинжтэй инфляцыг өдөөж болзошгүй гэв. Мөн цаашдын төлөв гадаад орчин, түүхий эдийн эрэлт, үнэ, төсвийн бодлого зэргээс шууд хамааралтай гэлээ.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр болон санхүүгийн зах зээлийн тоймыг танилцуулсан бөгөөд дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд эдийн засгийн өсөлт сэргэж байгаа ч инфляц зорилтот хэмжээнд тогтворжоогүй байгааг тодотгов. Монгол Улс дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлын байдлын индексээр эхний хагаст багтаж байгаа ч бодлогын орчинд сайжруулах асуудлууд бий гэлээ. Мөн хөрөнгө оруулалт бизнесийн орчинд бизнес эхлүүлэхэд үе шат, хугацаа зардал өндөр, хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэх тогтолцоо сул, өмчийн эрхийн баталгаа хангалтгүй, бүх шатанд төрийн зөвшөөрөл шаардагддаг зэрэг бэрхшээлүүд тулгарч буйг онцлов.
Иймд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчийн гомдол барагдуулах тогтолцоог бий болгох, төрийн захиргааны чиг үүргийг тодорхойлж, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулахаар төсөлд тусгажээ.
Мөн “Чөлөөлье” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох яам агентлагын мэдээллийг сонссон бөгөөд ажлын хэсэг эдийн засаг, бизнесийн орчны саад бэрхшээлээс чөлөөлөх, засаглалыг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлөх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлөөс сэргийлэх, ухаалаг засаглалыг нэвтрүүлж, авлига, хүнд суртлаас чөлөөлөхийг баримталж байна.
Энэ хүрээнд Татварын ерөнхий газар зөвлөн туслах тогтолцоог хэвшүүлэхээр төлөвлөсөн бол Гаалийн ерөнхий газар эдийн засгийн идэвхжил, төрөлжилт ба экспорт, дэмжих эрх зүйн шинэчлэл хийнэ гэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Б.Түвшин, Л.Соронзонболд, П.Ганзориг, А.Ундраа болон холбогдох албаныхан оролцсон бөгөөд дээрх танилцуулгуудтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English