Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд (2025.11.11) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах … асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргахаар” гэж заасныг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулж, Улсын Их Хурал 2025 оны 114 дүгээр тогтоолыг баталсан.
Энэхүү тогтоолд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан. Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм.
Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан цахим хэлбэрт шилжүүлж, хяналтыг сайжруулах, эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлж, эрхлэх боломжийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хянаж, боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, салбарын хяналтыг Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан билээ.
Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчинг сайжруулах, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжин төрийн үйлчилгээ цахимжиж, бүтээмж нэмэгдэн, салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийж, зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэх юм.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Мон
English