Өдөр тутамдаа хурд, уян хатан бодлого шаардаж байдаг онцлогтой бизнесийг дэмжихийн тулд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Эрх зүйн хувьд бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах учраас Зөвшөөрлийн тухай хууль цаг үеэ дагаад сайжирч байх учиртай. Манай улсын хувьд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд бүртгэл/мэдэгдэл, лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалт гэсэн дөрвөн үндсэн хэлбэрээр оролцож байгаа. Хуулиас гадуурх дүрэм, журмын хүрээнд, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичиг 1000 гаруй байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлсээр ирсэн. Баримт бичгийн тоо, шат дамжлага, шийдвэрлэх хугацаанаас үүдэн иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг чөлөөлөх шаардлага үүссэн. Тухайлбал хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд хоёр сар 26 хоног зарцуулсан жишээг Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис иш татан танилцуулгадаа дурдав.
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нараас санаачлан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бизнес эрхлэх орон зайг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хялбаршуулах, цахимжуулах, тоог цөөрүүлж, ангиллыг бууруулах, захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.
Хуулийн төслийн танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тус бүрээр авч хэлэлцлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Ренчиндорж хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь зөвшөөрлийн талаар танилцуулав. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг улсын онцлогоор хамааран олгодог. Энэ нь иргэдийг хохироохгүй байх, гэмт хэргээс хамгаалах зорилготой. Хүн худалдаалах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө 300 сая төгрөгөөс дээш байх зэрэг шаардлага тавьдаг. Одоогоор 67 аж ахуй нэгж байгууллага зөвшөөрөл авсан, тэдгээрийн дийлэнх нь япон улс руу ажиллах хүч гаргах үйлчилгээ эрхэлдэг. Мөн гадаад ажилтан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх энгийн зөвшөөрлийг өнгөрсөн онд 6000 гаруй аж ахуйн нэгж байгууллагад, 30 мянга орчим иргэнд олгоод байгаа, цаашид журмуудыг цөөрүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа гэсэн юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудаас нийт 17 төрлийн зөвшөөрлийг ажлын 10-22 хоногт багтаан олгож байна. Цагдаагийн төв байгууллагаас олгодог 13 төрлийн зөвшөөрлийг олгохтой холбоотой 37 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Хил хамгаалах ерөнхий газраас гурван төрлийн зөвшөөрлийг нийтдээ 13 мянга гаруй иргэнд олгоод байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтдээ 11 захиргааны эрх зүйн хэм хэмжээний актыг хүчингүй болгож, Эрх зүйн бүртгэлийн сангаас хасуулсан. Тухайлбал, 2025 онд Хууль зүй дотоод хэргийн яамнаас Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн журам, Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмыг тус тус хүчингүй болголоо хэмээн тус яамны төлөөлөл танилцуулсан юм.
Эрүүл мэндийн салбарт 2026 оны 02 дугаар сарын байдлаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нийт 58229 эмнэлгийн мэргэжилтэн байгаа. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг 3277 аж ахуй нэгж байгууллагад олгосны ихэнх нь эрүүл мэндийн ажил үйлчилгээг эрхэлж буй. Тухайн салбарын хувьд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэхэд олгодог тусгай болон энгийн зөвшөөрөл нь нэлээд олон төрөлтэй, ярвигтай, шалгуур, босго өндөр байх шаардлагатай тул хянамгай хандах хэрэгтэй болдог гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв танилцуулгадаа өгүүлсэн.
Яамдын мэдээллийг сонссоны дараа иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийлэн саналаа хэллээ. Тэдний олонх нь зөвшөөрлийн тоог цөөрүүлж, хялбаршуулах санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулсан явдалд талархахын зэрэгцээ төрийн үйлчилгээг ойлгомжгүй, ээдрээтэй болгож, дунд нь зуучилдаг бизнес хүртэл ажиллаж буйг таслан зогсоох шийдвэр гаргахыг хүсэж байлаа.
Ийнхүү Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр зохион байгуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгээр байгаль орчин, барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, боловсрол, харилцаа холбоо, банк санхүү зэрэг 16 салбарын зөвшөөрлийн талаарх танилцуулга мэдээллийг холбогдох яам, агентлагуудаас хийж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм.
Гурван өдөр үргэлжилсэн нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр суурь, саналаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ дээрх хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал хүлээн авч байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English