Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2026.02.26/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Европын холбооны Ойн түншлэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Д.Одхүү Ойн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулж, төслийн зорилго, хамрах хүрээ, бодлогын шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Мөн Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Европын холбооны Ойн түншлэлийн бодлогын зөвлөх О.Гомбожав нар Ойн тухай хуулийн хэрэгжилт, холбогдох судалгааны ажлын талаар танилцуулж, санал солилцов.
Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ төслийн онцлог зохицуулалт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тодруулж байлаа.
Мөн тэрбээр хуулийн төслийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, ойн сан бүхий газар нутагт амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг илүүтэй сайжруулах, зарим зохицуулалтыг тодорхой нарийвчлан боловсруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English