Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан. Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 435 дугаар захирамжаар уг тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгээс Үндсэн чиглэлд тусгасан улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн гол зорилт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас багагүй түвшинд хадгалах, инфляцыг зорилтот интервалд тогтворжуулах, эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцыг 5 хувьд хязгаарлах, ядуурлыг 15 хувь хүртэл бууруулах, түүнчлэн төсвийн урсгал зардал, алдагдлыг бууруулах зорилтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд онцгойлон анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан.
Тогтоол нь 4 заалттай. Нэгдүгээр заалтад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, Хоёрдугаар заалтад 10 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.
Гуравдугаар заалтад уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж, биелэлтийг заалт бүрээр гаргаж Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганд багтаан танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан ба Дөрөвдүгээр заалтад тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд даалгасан.
“Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлснээр төсөв, мөнгөний бодлогын уялдаа хангагдаж, төсвийн хэт тэлэлт, инфляц үүсэхээс сэргийлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт тогтворжих, иргэдийн бодит орлого хамгаалагдах, гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардал арилах, төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоо шинэчлэгдэх болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлнэ.
Мон
English