Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловагийн урилгаар тус улсад 2026 оны 03 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловагийн Монгол, Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хэрэгжүүлсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бататган хөгжүүлсэн ач холбогдолтой болов.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Патрик Нахер, Сенатын танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга Збынек Линхарт нартай албан уулзалт хийхийн зэрэгцээ Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Милош Вийстрчилд бараалхан мэндчилэв.
Албан уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Чех хоёр улс төрийн болон дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Европ дахь итгэлт түнш бөгөөд Монгол Улсын “Гуравдагч хөрш” Чех Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, барилга, байгаль орчин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл болон бусад чухал салбарт өргөжүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улс “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)”-ыг энэ оны 8 дугаар сард, Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах гэж байгаа талаар тэмдэглээд, Чехийн төлөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалав.
Чехийн талаас байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын идэвх, чармайлтыг өндрөөр үнэлээд, дээрх олон улсын чуулга уулзалтуудад өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв. Мөн Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бодитоор дэмжиж, парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоороо Ази тивд тэргүүлэх улсын нэг болсныг сайшаан тэмдэглэв.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эрхэмсэг ноён Томио Окамүрагийн ажлын алба, Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын парламентын бүлгийн дарга Петр Садовский, Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Павел Рейхрт болон Чехийн Худалдааны танхимын дэд Ерөнхийлөгч Радек Якубский тэргүүтэй бизнесийн төлөөлөл бараалхав.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Чехийн хамтын ажиллагааны баялаг уламжлал, ард түмнүүдийн хооронд бий болсон ойр дотно харилцаанд түшиглэн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, ялангуяа чехийн технологи, ноу-хауг ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлж байхын чухлыг тэмдэглэв. Мөн Чех Улсын төр, засгийн зүгээс тус улсад аж төрж буй монгол иргэдийн аж байдалд анхаарал хандуулж, иргэдийн аюулгүй байдал, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байх, сурч боловсрох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Х.Тэмүүжин нар ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English