Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн өнөөдөр (2026.03.
УИХ-ын дарга Н.Учрал Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Хөгжил бол тасралтгүй урагшлах хөдөлгөөн гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцлоод, эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ч өсөж, 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад, улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасч байгаагаас харахад манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг УИХ-ын дарга дурдлаа.
Түүнчлэн
Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулахдаа Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсаныг дурдав. Шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцооноос хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих шаардлагатайг тодотгоод, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-ын дарга танилцууллаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг Эрх зүйн чөлөөлөлтөөр бүрдлүүлэх аж. Энэ хүрээнд хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах, өргөн мэдүүлсэн хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр илрүүлдэг болох ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийнхнийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх, олгох процессыг хялбаршуулж, тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгаснаас гадна эрсдэлийн түвшин багатай, нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурал энэ оныг Хүүхэд эрхийн жил болгон зарлаж, хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг чиглүүлэхээ зарласан. Улмаар Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн процессын хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх аж. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын гурав дахь нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Манай улсын нийт эрчим хүчний 70 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авдаг бол ердөө 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3х100 санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг оны өмнө батлуулсан талаараа УИХ-ын дарга онцоллоо. Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутагт 100 МВт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, цахилгаан авто машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборыг 100 байршилд барих ажлууд багтжээ. Цаашид ногоон эдийн засаг, дэд бүтцийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлнэ гээд ирэх жилүүдэд эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд урагшлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Илтгэлийнхээ төгсгөлд Авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг танилцуулж, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудаасаа дурдав. Үүнд уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах эрх зүйн зохицуулалтуудыг төлөвлөжээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтад УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл багтсаныг дуулгаад, авлигын эсрэг тэмцлийг бүх шатанд биечлэн манлайлж ажиллахаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсвийг нэмэгдүүлэх, Ахмадын хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой саналуудыг дэвшүүлж байв. Түүнчлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих санаачилгуудын талаар өгүүлж, цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байр сууриа илэрхийлцгээв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар албаны бусад хүмүүсийн хамт байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English