ДАВАА ГАРАГ-2026.03.02
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин чухал байгааг харилцан тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76745/
МЯГМАР ГАРАГ-2026.03.03
Иргэний хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулсан онол, практикийн хэлэлцүүлэг боллоо. “Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал”сэдэвт тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэний хууль бол зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, өмчийн эрх, гэрээний чөлөөт байдал, үүргийн эрх зүй, өв залгамжлал, гэм хор, олон улсын хувийн эрх зүй гээд иж бүрнээр системчлэн зохицуулсан, эрх зүйн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын хамрах хүрээгээрээ хувийн эрх зүйн “Үндсэн хууль” хэмээн онцолж, Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг нарийвчлан судалж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар төрөөс хувийн эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн аргаар зохицуулж, харилцан уялдуулах замаар бизнесийн эрх зүйн харилцааг эрүүлжүүлэн “чөлөөлөх” нь шинэчлэлийн нэгэн том зорилт гэдгийг тэмдэглэв.
Хэлэлцүүлгээр “Иргэний хууль дахь эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Үүргийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал”, “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй”, “Олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт ба олон улсын чиг хандлага”, “Монгол Улсын Иргэний хууль дахь өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг”, “Японы иргэний эрх зүй дэх эзэмших эрх ба гэм хор” зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачид, хуульчид илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос нэгдсэн санал, дүгнэлт гаргасныг хэлэлцүүлгийн төгсгөлд танилцуулсан. Мөн Иргэний хуульд таван чиглэлээр хийсэн хэрэгжилтийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцүүлгийг хааж Иргэний хуулийн хэрэгжилтийн асуудлаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлсэн үгэндээ, Иргэний хуулийг цогцоор нь харж хийсэн дүн шинжилгээний үр дүнг сонсож, онол-практикийг холбосон өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар эрдэмтэн, судлаачид, зочид, шүүгчид, хуульчид гээд салбарынхны саналыг сонссон талаар тэмдэглэв.
Иргэний хуулийг 2002 онд баталснаас хойш 29 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Мөн, 2002 онд батлагдсанаас хойш 24 жилийн турш хэрэгжилтэд нь анх удаа бүхэлд нь судалгаа хийсэн байна. Хэлэлцүүлгийн мэдээг дараах линкүүдээр орж дэлгэрэнгүй унших боломжтой... https://www.parliament.mn/nn/76746/, https://www.parliament.mn/nn/76749/, https://www.parliament.mn/nn/76750/, https://www.parliament.mn/nn/76751/
ЛХАГВА ГАРАГ-2026.03.04
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яамны урилгаар манай улсад ажиллаж, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцоог судалж, дүгнэлт, зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Байнгын хорооны даргын зүгээс эрх зүйн шинэчлэлийг бодитой, үр дүнтэй хийхэд түлхэц болох үнэлэлт дүгнэлтийг өгч, зөвлөмж боловсруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/76754/
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт төвийн болон хойд бүсэд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэлсэн улзалтаараа Улсын Их Хурлын дарга “Чөлөөлье” санаачилгаа иргэдэд танилцуулж байна. Тус санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” илтгэлээ танилцуулахдаа хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдийг чөлөөлөх чиглэлээр Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Монголбанканд зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгажээ. Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсныг дурдаж, засаж залруулахыг даалгасан талаараа хэлэн, иргэдийн асуултад хариуллаа. Улсын Их Хурлын даргыг дагалдан ажиллаж байгаа төвийн бүсээс сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүд мөн иргэдийн асуултад тухай бүр хариулт өгөв... https://www.parliament.mn/nn/76755/
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ. Иргэдийн уулзалтад Улсын Их Хурлын дарга “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” дөрвөн тулгуурт бодлогоо танилцуулж, эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг тодотгосон. Чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай гээд уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг дурдлаа.
Иргэдийн зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хөндөж, төрийн албаны цомхотгол зарим газар “байгаа оноогүй” гэж шүүмжлэв... https://www.parliament.mn/nn/76757/
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бататган хөгжүүлэх ач холбогдолтой болсон айлчлалаар Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын даргад бараалхаж, Сенатын танхимын дэд дарга дарга, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга зэрэг албаны хүмүүстэй хийсэн албан уулзалтуудаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, өргөжүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын ард түмнүүдийн хооронд бий болсон ойр дотно харилцаанд түшиглэн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, ялангуяа чехийн технологи, ноу-хауг ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлж байхын чухлыг тэмдэглэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Х.Тэмүүжин нар багтлаа... https://www.parliament.mn/nn/76756/
ПҮРЭВ ГАРАГ-2026.03.05
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төвийн бүсэд ажиллаж буй бүрэлдэхүүн авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймгийн Дархан хотод ажиллалаа. Улсын Их Хурлын дарга дөрвөн тулгуурт бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцохдоо эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан. Түүнчлэн, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаас улбаалж, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хувь хүртэл буурсныг сануулаад хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг дурдахын зэрэгцээ Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Уулзалтад оролцсон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мөн иргэдэд салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө... https://www.parliament.mn/nn/76759/
БААСАН ГАРАГ-2026.03.06
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс дөрөв дэх хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын өргөн мэдүүлсэн юм. “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт энэ удаагийн хэлэлцүүлгээр нийслэлээс олгож буй зөвшөөрөл, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийслэл дэх нөхцөл, цаашид анхаарах асуудал, шийдлийн талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо... https://www.parliament.mn/nn/76760/
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Улсын Их Хурлын дарга “Чөлөөлье” санаачилгаа эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил болон авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэрэгжүүлнэ гэдгээ тодотгохын зэрэгцээ иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах Улсын Их Хурлын тогтоолыг баталж, хэрэгжилтийн хүрээнд хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа зэрэг өргөн хүрээнд иргэдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Иргэдийн асуултад хариулахдаа, бүсчилсэн уулзалтуудын мөрөөр Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, тулгамдсан асуудлуудыг салбарын яамд, холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан тухай бүр шийдвэрлэж ажиллах болно гэв... https://www.parliament.mn/nn/76761/
БЯМБА ГАРАГ-2026.03.07
Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн төвийн барилга, хүүхдийн 28 дугаар цэцэрлэгийн дулаан хангамжид цэвэр халаалтын хосолмол систем суурилуулсныг үзэж, танилцав. Дээрх барилгуудыг уурын зуухаар халаадаг байсныг НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэр бүхий хосолмол системийг өнгөрсөн нэгдүгээр сараас ашиглаж эхэлжээ. Ингэхдээ нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайн батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг технологиор нэвтрүүлсэн байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон санхүүжилт, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна гэлээ... https://www.parliament.mn/nn/76762/
Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын зарим гишүүн, Засгийн газрын гишүүдийн иргэдтэй хийж буй уулзалт Булган аймагт үргэлжиллээ. Улсын Их Хурлын дарга хаврын чуулганаар Гэр бүлийн хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ өөрийн дэвшүүлсэн дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Тухайлбал, дөрвөн тулгуурт бодлогын гуравдугаарх нь болох ногоон хөгжлийн чөлөөлөлтийн талаар танилцуулахдаа эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, агаар, хөрсний бохирдлыг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үндэсний хэмжээнд дэмжихээр ажиллаж буй талаараа дэлгэрэнгүй танилцуулав.
Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил орон нутагт арилахгүй байгааг шүүмжилж, холбогдох хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэллээ. Мөн, хэрэглээний зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжилж, банкны салбарын реформоор зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэдгийг хэллээ. Мөн орон нутагт ажиллах залуу боловсон хүчний хомсдол, малчдын залгамж халаа, тэдний нийгмийн асуудлыг хөндсөн иргэдийн асуултад Улсын Их Хурлын дарга болон гишүүд, сайд нар, албаны бусад хүмүүс хариулт өгөв... https://www.parliament.mn/nn/76763/
НЯМ ГАРАГ-2026.03.08
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй бүрэлдэхүүн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд ажиллав. Улсын Их Хурлын дарга “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр хэлсэн. Мөн хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ.
Түүнчлэн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг Улсын Их Хурлын дарга иргэдийн уулзалтад тэмдэглэж, Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг хойд бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо... https://www.parliament.mn/nn/76764/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Мон
English