Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвөөс зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” үдээс хойш Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбатын “Дизайн сэтгэлгээ ба хууль тогтоох үйл ажиллагаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Тэрбээр илтгэлдээ, дизайн сэтгэлгээ-асуудалд хүн төвтэй арга барилаар хандах, хууль тогтоох үйл ажиллагаанд дизайн сэтгэлгээний арга, дүрмийг ашиглах, энэхүү сэтгэлгээний үе шат, алхмуудын талаар хөндөн тайлбарлав. Дэлхий даяараа бизнес эрхлэгчид хүнд зориулсан, хэрэглэгчдэд тааламжтай байхад үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого хандлагаа чиглүүлж, дизайн сэтгэлгээнд тулгуурлах болж, тэгж чадсан нь амжилтад хүрч байгааг Элон Маск, Стив Жобс нарын амжилтын түүхээс эшилж тайлбарлав. Өнөөдөр олон улсын хууль тогтоогчид, эрх зүй бүтээгчид ч энэ хандлагыг барих болсныг онцолсон.
Дизайн сэтгэлгээ гэдэг нь хүний хэрэгцээнд тулгуурлан асуудлыг тодорхойлсны үндсэн дээр шийдэл гаргадаг сэтгэлгээний загвар тул үүнийг хууль бүтээхэд яагаад ашиглах ёстой вэ, яагаад чухал болохыг тэрбээр дэлгэрэнгүй тайлбарлав.
Дизайн сэтгэлгээг ашиглан хуулийн төсөл боловсруулснаар иргэн төвтэй, ойлгомжтой, хэрэгжих боломжтой, хууль гарах гол арга зам болно. Учир нь хууль тогтоогчдыг техникийн зохицуулалт бус хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шийдвэр гаргахад чиглүүлдэг гэв. Мөн хуулийг боловсруулахдаа хүн төвтэй арга барилаар хандах учир шалтгааныг тайлбарлаж, дизайн сэтгэлгээгээр хууль бүтээх гэдэг нь иргэний амьдралд тулгамдаж буй асуудлыг ойлгож, шийдвэрлэх хувилбаруудыг тодорхойлж, түүнийг иргэний сонголтод үндэслэн эцэслээд, хэсэгчилсэн олон алхмаар шийдвэрлэж, хэрэгжилтийг нь тогтмол үнэлэн байнгын эргэх холбоотойгоор шинэчлэн хөгжүүлэх сэтгэлгээний арга, хандлага, дадал юм гэлээ. Хууль боловсруулахдаа энэхүү загварыг ашигласнаар хууль амьдралд нийцэхийн зэрэгцээ хүмүүс хуулийг дээдэлдэг, иргэний оролцоо хангагддаг бөгөөд хууль жинхэнэ утгаараа нийгмийн гэрээ болж чадна хэмээн илтгэлд дурдсан байлаа.
Дараа нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), философийн ухааны доктор (Ph.D) профессор Н.Лүндэндорж “Хуульд тавих агуулгын шаардлага” сэдвээр хичээл заалаа. Тэрбээр илтгэлдээ эрх зүйт хууль ба хууль дээдлэгдэх ёс, үндсэн ба салшгүй эрх, эрх зүйн нийтлэг зарчим, эрх зүйн үнэт зүйл, шударга ёс, зүй ёс, үндэсний ёс заншлын талаар хөндөж ярив.
Хуулийн анхны зорилго хүний амь нас, эрх чөлөө, өмч гэсэн гурван асуудлыг тавьж, төр үүнийг хамгаалахад оршиж байсан. Гэтэл хууль өөрөө аюул дагуулах болсон. Тухайлбал, Үндсэн хуулийг зөрчих, үнэт зүйлс тулгуурлаагүй байх, хүний эрхийг үндэслэлгүй хязгаарлах, хууль дээрэм тонуулын хэрэгсэл болох, төрийн эрх мэдлийг өргөжүүлэх, зохицуулалтын тэнцвэрт байдал алдагдах, нийтлэг бус эрх ашиг хамгаалах зэрэг аюулыг дагуулсан. Ялангуяа төр хүний өмчийг шилжүүлэх, булаадаг, бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль гаргавал энэ нь дээрэм тонуулын хэрэгсэл болдог гэдгийг профессор Н.Лүндэндорж онцлов.
Мөн хууль, эрх зүйн ямар ч сайхан үзэл санааг зөв техникээр илэрхийлээгүй бол салаа утгатай болж, улмаар үүнийг урвуулан ашиглах, дураараа, буруу хэрэглэх асуудал дагуулдгийг тэрбээр тэмдэглээд хуулийн аюул, дээрмийг зогсоох Rule of law эрх зүйд захирагдах ёсны үүсэл, онолын талаар өгүүлэв. Тодруулбал, эрх зүйн үнэт зүйл, эрх зүйн нийтлэг зарчим, үндсэн ба салшгүй эрх, хууль ёсны шаардлага, байгалийн болон нийгмийн хуульд нийцэж буй эсэх зэрэг хуулийн агуулгад тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зуйн ухааны доктор (LL.D), дэд профессор О.Мөнхсайхан “Хуульд тавих техникийн шаардлага I” сэдвийн хүрээнд “Фуллерийн” зарчмуудын онол, арга зүй, ач холбогдол, түүнийг хуулийн төсөл боловсруулахад яагаад удирдлага болгох вэ гэдгийг хөндөн ярилаа.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд эрх зүйн филисофийн талаар цухас өгүүлээд Лон Фуллерийн жам ёсны хуулийн онол нь шашнаас ангид, дээд хууль, агуулгын тухай биш харин эрх зүйн мөн чанарыг тодорхойлсноороо онцлогтойг тэмдэглэхийн зэрэгцээ Рекс хааны хууль гаргах, хэрэгжүүлэх гэж найман аргаар оролдоод бүтэлгүйтсэн түүхийг хүүрнэв. Эл түүхийг эш татсан нь Фуллерийн эрх зүйн тогтолцоонд хүрэхийг хичээх ёстой найман зарчим, хэм хэмжээтэй холбоотой байлаа. Фуллерийн хууль хэрэгжих найман зарчим нь хэвлэн нийтлэгдэх, буцаж үйлчлэхгүй, тодорхой, зөрчилдөөнгүй, биелүүлэх боломжтой, тогтвортой, хэвлэн нийтэлсэн хэм хэмжээнд албаны үйл ажиллагааг нийцүүлэх гэсэн эдгээр шаардлагуудыг хангасан байх ёстой гэсэн байв. Ялангуяа наймдугаар зарчим буюу хуулийг хэвлэн нийтэлсэн хэм хэмжээнд албаны үйл ажиллагааг нийцүүлэх нь хамгийн чухал гэдгийг О.Мөнхсайхан онцлоод энэ нь хууль хэрэгжүүлэх албан тушаалтан хэн бүхэн хуулиа сахиж ажиллах агуулгатай гэлээ. Хэрэв энэхүү найм дахь зарчим хангагдахгүй бол сонгуульд санал өгсөн ч тоолуулахгүй байгаатай агаар нэг буюут хууль хэрэгжихгүй гэдгийг Фуллер хэлсэн гэж байлаа. Түүнчлэн түүний онол нь хууль зүйн позитивизмийн эсрэг, жам ёсны хуулийн агуулгын хувилбар биш, жам ёсны хуулийн процедурын хувилбар хэмээн илтгэлд дүгнэсэн байлаа.
Мөн энэ өдрийн сургалт Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга (LL.M) Ж.Сайнхишигийн “Хуульд тавих техникийн шаардлага-II” сэдвийн хүрээнд хууль зүйн техникийн үүрэг, ач холбогдол, конструкци, найруулга, нэр томьёоны талаарх илтгэлээр үргэлжилсэн.
Тэрбээр, манай улсад хууль зүйн техник гэдэг ойлголт Оросын эрдэмтдийн бүтээлээр дамжин орж ирсэн хэмээн судлаачид үздгийг дурдаад хууль зүйн техник болон хууль бүтээх техник нь хоорондоо тодорхой хэмжээнд ялгаатайг онцолсон. Мөн Монгол Улсад хууль зүйн техникийг хөгжүүлэх явдал нь хууль тогтоох байгууллагын хувьд томоохон сорилт болж байна гээд цаашдын чиг хандлага хууль бүтээх, боловсруулах талаарх судалгаа, шинжилгээг эрчимтэй хөгжүүлэх ёстой гэв.
Түүнчлэн хууль тогтоох техникийн тухай ойлголтын үүсэл хөгжил, зармын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хууль зүйн техникийн ач холбогдлыг илүүтэй тайлбарлав. Тодруулбал, хууль зүйн техникийн үндсийг мэдсэнээр хууль зүйн алдаа гарахаас урьдчилан сэргийлж, алдааг засах нөхцөл болох, хуулийг ойлгох, хэрэглэхэд хялбар болгох, хууль зүйн ажлын чанар сайжирч, хуульчийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой гэлээ.
Сургалтын төгсөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, хуульч, судлаач С.Доржханд нар “Хуульд тавих техникийн шаардлага IV”сэдвээр илтгэл тавьж, хуулийн төслийг процессжуулан бичих шаардлага, ач холбогдол, төслийг процессжуулан бичээгүйгээс үүсэх үр дагавар, процессжуулалтын алхам, дүрмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахын зэрэгцээ сургалтад оролцогчдыг гурван бүлэгт хуваан дасгал ажиллуулав.
Н.Мөнхзэсэм илтгэлдээ, хууль нь нийгмийн харилцааг зохицуулж, иргэний эрхийг хамгаалж байгаа хүчин зүйл гээд энэ нь өөрөө маш өргөн хүрээтэй, үр дүнтэй арга ажиллагаатай байдаг гэлээ.
Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд багш 2008 онд хийсэн судалгааныхаа ажлын эмхэтгэлд “Процессын журамгүй хууль бол хоосон тунхаг лоозон болж хоцроод, тэр зайг нь тогтоол заавраар нөхөж хуулиа завхруулдаг нь социализмийн үеийн хуулийн сул тал болжээ” гэж тодорхойлон бичсэн байдгийг тэрбээр эшлээд хуулийн төслийг процессжуулан бичихэд юуг анхаарах талаар тайлбарлав. Уг илтгэлд хуулийн төслийг процессжуулан бичих шаардлага, үндэслэл нь эрх зүйд захирагдах ёс, амжилттай хэрэгжих нөхцөл, хэрэглээний зарчим нь эрх зүйн зайлшгүй үйл явц болдог хэмээн дурдсан байлаа.
Мөн тэрбээр өнөөдөр хууль зүйн техникт процесс буюу үйл явц, үйл ажиллагаа тодорхойгүйгээс олон сөрөг дагаврууд үүсээд байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах, захиргааны дур зоргыг хязгаарлах, иргэний эрхийг хамгаалах, шийдвэр гаргалтыг ил тод болгох зорилготойгоор процессжуулж бичих зайлшгүй шаардлагатай болсныг онцлов.
Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зуй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалтын эхний өдөр үүгээр өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English